Орхон аймаг салбар бүрт манлайлах “Оюуны элч” нарыг бэлтгэж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, “Олон улсын мэргэжлийн хөгжлийн
институт”-тэй хамтран “Чадварлаг монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд “Оюуны элч”
манлайлагчдыг бэлтгэж эхэллээ.
“Оюуны элч” манлайлагчид нь салбар бүртээ зөв хандлага, ур чадвараараа
бусдыгаа уриалан дуудаж Эрдэнэт хотынхоо хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулах
юм. Эдгээр элч нарыг “Олон улсын хөгжлийн институт”, Хүний нөөцийн аудитын
байгууллагын мэргэжлийн багш нар үе шаттай сургалтад хамруулж бэлтгэнэ.
“Оюуны элч” манлайлагч бэлтгэх урт хугацааны
хөтөлбөрт салбар бүрийн төлөөлөл хамрагдах бөгөөд өнөөдөр Эрдэнэт хотын 1600
гаруй багш нарын төлөөлөл оролцож байна.
Уг үйл ажиллагааны нээлтэд аймгийн Засаг дарга
С.Батжаргал оролцож үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ, “Орхон аймгийг 2024 он хүртэл хөгжүүлэх
“Хүний хөгжлийн” цогц хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд тус хөтөлбөрийн нэгэн
хэсэг болгон "Оюуны элч" нарыг салбар бүрт бэлтгэх эхлэлийг тавьж
байгаадаа баяртай байна. Орон нутгийн хөгжил чадварлаг иргэн, чадвартай
боловсон хүчнээс эхлэлтэй. Тэгвэл өнөөдөр энд цугласан багш нар “Оюуны элч”
бэлтгэх энэхүү хөтөлбөрийг цаашид түүчээлэн оролцоно гэдэгт итгэлтэй байна”
гэлээ.
Сургалт “Монгол хүний язгуур мөн чанар, амьдралын үнэ цэн”,
“Чадварлаг монгол хүн”, Чадварлаг Эрдэнэт хүнийг хөгжүүлэхэд шаардлагатай ур
чадвар, мэдлэг, дадалд чиглэсэн сонирхолтой илтгэл, лекцээр эхэллээ.
Түүнчлэн салбар бүрийн “Оюуны элч” нар нь Олон улсын NCS стандартын
сургалтын агуулгыг судалж зөв хандлага, ур чадвараар манлайлах-Чадварлаг
Эрдэнэт хүн болж бэлтгэгдсэнээр нийгэмдээ оролцоотой, өндөр бүтээмжтэй,
бусдыгаа сайнаар үлгэрлэн, дагуулагч, манлайлагч, нөлөөлөгчид болох
юм.