Их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-08-01 20:47:02

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь өнөөдөр салбартаа өрнөж буй үйл явдлын талаар мэдээлэл хийлээ.

Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын захирлуудтай тохиролцоонд хүрсний дүнд энэ жил сургалтын төлбөр нэмэгдэхгүй болсон талаар сайд мэдээллийнхээ эхэнд онцлов. Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10-12 хувиар нэмсэн  төдийгүй сургалтын төлбөрийн дундаж хэмжээ 1.0-2.9  сая төгрөгт хүрсэн юм.  Үүний улмаас хувийн зардлаар суралцдаг нийт 150980 оюутны  49 хувь  болох 73 мянга орчим оюутан сургалтын төлбөрөө бүрэн төлж чадаагүй байна. Энэ байдлаас харахад  эдийн засгийн хүндрэлтэй энэ жилийн хувьд сургалтын төлбөрийг дахин нэмэгдүүлэх нь нийгэмд илүү их дарамт үзүүлнэ гэж талууд үзжээ. 

Мөн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор бүх аймгийн Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлж, төлөвлөсөн цаг хугацаандаа багтаан ажлаа дуусгахыг үүрэг болгосон талаар хэллээ.

Энэ жил цэцэрлэг олноор баригдаж ашиглалтад орж байгаа, мөн өрөө тасалгааны ашиглалтыг сайжруулах замаар цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог нэмэх, дэргэдээ цэцэрлэг ажиллуулах сонирхолтой аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг нь саадгүй олгох замаар намар бүр өрнөдөг цэцэрлэгийн асуудлыг хамгийн боломжтой байдлаар зохицуулахыг үүрэг болгожээ. Энэ бүхний үр дүнд аймгуудын хэмжээнд цэцэрлэгт хамрагдалт 84.6 хувьтай байх бол нийслэлд 70 гаруй хувьтай байх тооцоо гарчээ. Боломжгүйг нь Хүүхэд харах үйлчилгээнд хамруулах юм байна.

Түүнчлэн "Рио-2016” Олимпод оролцох Монголын баг тамирчдын бэлтгэлийг хангах, амжилттай оролцуулах үүрэг даалгаврыг Засгийн газраас сайд Ж.Батсуурь авсны дагуу маргааш  Бразил улсыг зорих болсон талаар мөн мэдээллээ. Учир нь Олимпод Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Eрөнхий сайд нар оролцох боломжгүй болсон аж. Монголоос 51 тамирчин оролцохоос найм нь пара Олимпод оролцох юм. Ихэнх тамирчид Риод очиж Олимпийн хотхонд бэлтгэл сургуулилтаа базааж эхлээд байгаа билээ.

Н.Гантуяа

相关新闻