Загасны шилжилт хөдөлгөөнийг тандах зорилгоор тэмдэглэгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-19 15:32:57

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд загасны үржлийн үеийн хяналт шалгалт явуулж, загасны шилжилт хөдөлгөөнийг тандах зорилго бүхий тэмдэглэгээ хийж байна.   

Амьтны тухай хуульд зааснаар агнуурын загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд барихыг хориглоно. Учир нь энэ үед загас түрсээ шахдаг. Хэрэв хориглосон хугацаанд загас баривал нөхөн төлбөр, торгууль ногдуулдаг аж. Загасны үржлийн үед буюу хоёр сар загас барихгүй, зарахгүй, идэхгүй тэвчвэл тэд 20 дахин үржинэ гэж салбарын мэргэжилтнүүд хэллээ. 

Одоо загас нүүдэллэх хугацаа болсонтой холбогдуулан Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын баг тодорхой  цэгүүдэд байнгын эргүүл, хяналт шалгалтын ажил хийж байна.

Тодруулбал, загас нүүдэллэх гол цэгт буюу Ховд гол дагуу, Тэмээтийн дэнж, Шижигтийн хавцал гэх газруудад хяналтын байртай. Үүнд түшиглэн хяналт шалгалт хийхийн зэрэгцээ загасны үржил, шилжилт хөдөлгөөнийг тандах зорилгоор загасанд тэмдэглэгээ (T-Bar) зүүж, зарим загаснаас дээж цуглуулж байна. 

Өнгөрсөн онд Ховд аймгийн хэмжээнд загас барих зөвшөөрөл олгоогүй. Тусгай хамгаалалттай газар нутагт зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар загас барих нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад загасны үржил, нүүдлийн үед гардаг зөрчил 90 хувь буурсан үзүүлэлттэй байна. Одоогийн байдлаар байнгын хяналт шалгалтын ажлууд үргэлжилж байгаа бөгөөд энэ сард зөрчил бүртгэгдээгүй, хэвийн явж байна гэж албаныхан мэдээллээ.  

Мөн цаашид иргэд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар загас барихгүй байхыг мэргэжлийн байгууллагын зүгээс уриаллаа. 

Ташрамд сонирхуулахад, Хар-Ус нуурт монгол хадран, алтайн шар сугас, нохой сугас, давжаа сугас гэсэн дөрвөн төрлийн 60 мянга орчим загас байдаг.  Үүний 70-80 орчим хувийг монгол хадран, алтайн шар сугас эзэлж байна гэх судалгаа бий.

Загасны өсөж үржих орчин болсон нэг газар нь Алтайн өндөр уулын ширүүн урсгалт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Ховд гол-Шижигтийн хавцал боргио юм. Жил бүр загасны үржлийн үеэр Шижигтийн хавцалд Хар ус нуураас 200 гаруй км усны урсгалыг сөрөн тэмүүлж, загас үр төлөө үлдээхээр ирдэг байна.  

相关新闻