Олборлолтын улмаас эвдэгдсэн 80 гаруй га талбайг нөхөн сэргээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-04-17 12:15:18

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Ашигт малтмалын улмаас эвдэгдсэн газруудыг аймгийн тусгай хэрэгцээнд авч нөхөн сэргээх тухай асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцлээ.

2022 онд Нарийнтээл, Хайрхандулаан, Баруунбаян-Улаан, Уянга, Зүүнбаян-Улаан сумын Засаг даргаас бичил уурхайг дэмжсэн санал, багийн ИНХ-ын тэмдэглэл, тогтоолыг аймгийн Засаг даргад ирүүлсний дагуу аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Хуралдаанаар Уянга сумын гурван багийн нутаг дэвсгэрт хамаарах 62.8 га талбай, Зүүнбаян-Улаан сумын Эмгэд багийн нутаг дэвсгэрийг хамрах 17.9 га талбайг бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авах асуудлыг багийн ИНХ-аар хэлэлцүүлээгүй тул уг асуудлыг хойшлуулав.  

Баруунбаян-Улаан сумын сэргээгдээгүй 9 газрын 19.4 га талбай, Нарийнтээл суманд 20 газрын 25 га, Хайрхандулаан 10 газрын 38 га талбай ашигт малтмал олборлолтын улмаас эвдэгдсэн, нөхөн сэргээгээгүй орхигдсоныг бичил уурхайн зориулалтаар 5 жилийн хугацаатай тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг гаргалаа.

Өвөрхангай аймгийн Бичил уурхайн нэгдсэн холбоонд таван сумын 42 нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ИТХ-аас баталсан тогтоолын дагуу хууль хяналтын хүрээнд нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах юм. “Эвдэгдсэн газруудыг нөхөн сэргээхдээ нэмж газар ухах, олборлох үйл ажиллагаа явуулбал хариуцлага тооцно” гэдгийг аймгийн Засаг дарга сануулж, сумдын удирдлага хатуу хяналт тавихыг үүрэг болголоо.

相关新闻