Ёошихиро Огава: Өнөөдрөөс ч хэцүү нийгэмд амьдрах чадвартай иргэнийг бэлтгэх нь япон багшийн зорилго
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Онолын мэдлэгийг дадлагатай хослуулж хариуцлагатай, ур чадвар, мэдлэгтэй, биеэ даасан, хичээнгүй иргэнийг бий болгох нь Японы боловсролын онцлог. Энэ боловсролын системийн онцлогоороо ч дэлхийд 6 дугаарт жагсдаг. Тус улсын боловсролын ноу-хаугийн нэг нь Токацу буюу хичээлээс гадуурх хөтөлбөр гэж хэлж болно. Токацу хөтөлбөрийн онцлог, давуу талын талаар ахмад багш, профессор Ёошихиро Огаватай /Yoshihiro Ogawa/ ярилцлаа. Тэрээр Японы их, дээд сургуулиудад зөвлөх багшаар ажиллахаас гадна Эрдэнэт хотын Маргад дээд сургуультай хамтран ажиллаж байна.
-Эрдэнэт хотод хүрэлцэн ирж туршлага, мэдлэгээсээ хуваалцаж
байгаад баярлалаа. Юуны өмнө өөрийгөө
товч танилцуулна уу?
-Би багш
мэргэжилтэй. Их сургуулиа төгсөөд Минами Ямаширо сургуульд бага ангийн багшаар
15 жил, дараа нь сургуулийнхаа эрхлэгчээр 15 жил ажилласан. Одоо тэтгэвэрт
гарсан, 70 настай ахмад багш байна. Meйсэй болон Шука зэрэг их сургуульд зөвлөх профессороор ажиллаж Токацу
хөтөлбөрийн талаар хичээл заадаг. Мөн Японы Боловсролын яамны дэргэдэх Токацу нийгэмлэгийн
гишүүнээр ажилладаг.
-Токацу хөтөлбөрийн онцлог,
давуу талыг тайлбарлавал? Япон улс яагаад ийм хөтөлбөрийг хэрэгжүүлэх болов, ямар үр
дүн гардаг талаар ?
-Бага, дунд боловсролын байгууллага нь хүүхдэд
ерөнхий эрдмийн онолын хичээл заахаас гадна нийгэмд төлөвшсөн хүн бэлтгэдэг
байх ёстой гэж үзсэн учраас Япон улс дэлхийн
2 дугаар дайны дараагаас Токацуг сургалтын хөтөлбөрийн нэг хэсэг болгосон. Токацуг
хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар
дамжуулан хүүхдүүдийг бие даан амьдрах ухаанд сургах, бусдын давуу болон сул
талыг хүлээн зөвшөөрөх, хүүхэд өөрийгөө болон бусдыг ойлгодог байх, өөрийгөө
илэрхийлэх чадвартай, хүнлэг, энэрэнгүй хүн болгон төлөвшүүлэхэд тус
хөтөлбөрийн зорилго оршдог.
Орчин үед олон улс сургалтынхаа тэтгэлэг,
хөтөлбөртөө онц сурдаг, толгой цохисон оюутнуудыг шалгаруулахаас илүүтэй бусадтай
сайн харилцдаг, бие даасан, хамт олонч,
найрсаг, бүтээлч зан чанартай хүүхдийг сонгодог болсон. Энэ зан чанар, чадварыг Токацу хөтөлбөрөөр дамжуулан олгодог.
-Багш болохоор зорьж буй оюутан бүр энэ хөтөлбөрийн агуулгыг судалж мэддэг гэсэн үг үү?
-Тийм. Ирээдүйд багш болохоор бэлтгэгдэж байгаа оюутнуудад Токацугийн талаар хичээл заана. Бас ерөнхий боловсролын сургуулийн багш нарт арга зүйн зөвлөгөө өгнө. Ингэж байж энэ хөтөлбөр үр дүнгээ өгдөг.
Бид өөрийгөө болон бусдыг ойлгодог япон иргэнийг,
Бусдыг хүндэлж хайрладаг япон иргэнийг,
Амьдрах арга барилтай, хариуцлагатай япон иргэнийг төлөвшүүлэхийн төлөө Токацу хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Токацу аргыг ашиглан хүүхдэд хичээл заах
гэж байгаа багш нэгдүгээрт, хүүхдийг ойлгохын тулд өөрийгөө маш сайн бэлтгэсэн
байх шаардлагатай. Хоёрдугаарт, хүүхдүүдтэйгээ
харилцан ярилцдаг байх хэрэгтэй. Ингэснээр нэг зорилготой анги бий болно гэсэн үг.
Мөн багш хичээл заахдаа үргэлж
хүүхдүүдийн сайн талыг ярьж, магтах хэрэгтэй. Сөрөг талыг хэзээ ч хөндөж,
дуугүй, бүрэг ичимхий байдлыг онцолж, өөр бусадтай харьцуулж болохгүй. Магадгүй
маш сул дуутай сурагч байвал бусадтай харилцан ярихад нь тусалж, тухайн
хүүхдээр байнга яриулж байх хэрэгтэй. Жишээ нь багш тухайн сурагчаас хол очиж
зогсоод асуулт асуух байдлаар дүүгүй, бүрэг хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, чанга
яриулж сургана. Энэ мэт хүүхэд бүрийн
онцлогийг мэдэрч, мэдрэмжтэй байж чадсанаар ангийн бүх хүүхдийг нэг түвшинд хүргэх
боломж багшид бий. Багш өөрөө үлгэрлэх, үйлдэл үзүүлэх хамгийн чухал байдаг.
-Энэ арга барилыг зөвхөн
багш бус эцэг эхчүүд ч гэсэн хүүхдээ хүмүүжүүлэхдээ ашиглавал гэж бодогдлоо.
-Таны зөв. Тоо сайн боддог, англи
хэлдээ чадварлаг хүүхдийг сайн хүүхэд гэж хэлэхгүй. Сайн хүүхэд бий болгоход
эцэг эх, багш, сургууль гурав хамтран ажиллаж нэг зүгт харах нь маш чухал. Хамгийн гол нь хүүхдээ ойлгож сайн ажиглах хэрэгтэй. Ингэснээр тухайн
сурагчийн хамгийн сайн чадварт нь дөрөөлөн хүмүүжүүлж, төлөвшүүлэх боломж бий
болдог. Багш анзаарахгүй, ойлгохгүй бол сурагч хэзээ ч нээлттэй харилцаа
үүсгэдэггүй.
-Япон багшийн зорилго, үнэт зүйл нь
юу вэ?
-Өнөөдрөөс ч хэцүү, хүнд нийгэмд
амьдарч чадах хүнийг бэлтгэх нь япон багшийн зорилго юм. Өөрөөр хэлбэл, тоондоо сайн, ханзаа
сайн бичдэг бус өөрийнхөө толгой, хүмүүжлээр зөв сайхан амьдраад явах иргэнийг
бүтээх нь тэдний гол зорилго байдаг.
Японд хамгийн чухалд тооцогддог
мэргэжлийн нэгд эмч, хоёрт багш ордог. Багш болохыг чинь сэтгэлээсээ хүссэн хүн
л багшилдаг. Шалгуур өндөртэй, багшийн ажлын ачаалал ч их. Өглөө
6.00 цагаас орой 9.00 хүртэл сургууль дээрээ ажилладаг.
Японд хүүхэд заавал хичээл хийх, тоо
бодож, шүлэг цээжлэн, гараа өвдтөл юм бичих шаардлагагүй. Тэдэнд сайн бичиж, уншсаных
нь төлөө дүн тавьж сайн муугаар ялгадаггүй. Хүүхдийн хэн болж төлөвших суурь бага насандаа
явагддаг тул эхлээд хүүхдийн суурь хүмүүжил олгох, өөрт нь байгаа давуу талыг дөвийлгөн гаргаж урам өгөх, тоглуулж бие
биетэйгээ харилцах замаар мэдлэг олж авах боломжийг хангаж өгдөг. Сургуульдаа дуртай, ангийнхандаа хайртай байж
гэмээнэ сурлагын чанарт нь ахиц гардаг. Тиймээс сургууль руугаа яардаг байх нь
багшаас шууд хамааралтай байдаг.
-Монголд хэд хэдэн удаа
ирж сургуульд багшилж байсны хувьд та монгол
багшийн зорилгыг ажиглав уу?
- Монгол багш хамаг чадлаа дайчилж хичээлээ заадаг. Сургалтын хөтөлбөр нь л тийм байдаг байх гэж бодогдсон.
-Орхон аймгийн Маргад дээд сургуультай
хэзээнээс хамтарч ажиллаж байна вэ?
-Би 2011 онд Эрдэнэт хотын сургуультай хамтран ажиллаж сурагч солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлж, жилд 3-5 сурагч багштайгаа хамт Япон улсад ирж туршлага судалж байсан. Тэр үед нэг монгол хүүхэд
Японы сургуулийн орчин DISNEYLAND-ээс ч хөгжилтэй юм хэмээн дуу алдаж байсныг тод санадаг. Тэд ч мөн адил сургууль дээрээ зөвхөн хичээл хийх биш, хөгжилдөн тоглох сонирхолтой байхыг хүсч байгааг тэгж анзаарсан.
Сурагч солилцоог
2 удаа зохион байгуулсны дараа багш бэлтгэдэг Маргад дээд сургууль байдгийг мэдээд Токацу хөтөлбөрийг
танилцуулан, 2019 онд хамтран ажиллах санал хүргүүлж сайн дураараа хэдэн удаа ирж хичээл
заасан. Тухайн үед миний хичээлд суусан багш, оюутнуудын сэтгэл ханамж өндөр
байсан учраас цаашид хамтран ажиллахаар болсон. Сүүлийн хоёр жил цар тахлаас
үүдэлтэйгээр ирж чадаагүй, цахимаар хичээлээ зааж, үргэлж эргэх холбоотой
ажиллаж байлаа. Энэ жил харин өөрийн
биеэр ирээд хичээлээ зааж байгаадаа баяртай байна. Мөн энэ ташрамд хэлэхэд, Маргад
дээд сургуулийн нэг оюутан Токацу хөтөлбөрөөр дипломын ажлаа бичсэнийг сонсоод сэтгэл
их хөдөлсөн. Миний хичээлд суусан
оюутнууд Токацу хөтөлбөрийн талаар анхан шатны мэдээллүүдийг авснаар ажлын
байранд гарахдаа бусад багш нараас
арай өөр түвшинд байгааг ч хэлж байсан.
Энэ л миний ажлын үр дүн. Цаашид энэ хөтөлбөр үргэлжлэн хэрэгжсэнээр олон
чадварлаг багш бий болно гэдэгт итгэж байна.
-Ярилцсанд баярлалаа.