Эрчим хүчний сайдаар П.Ганхүүг томиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдад Пүрэвжавын Ганхүүг томилох асуудлыг хэлэлцэв.
Хуралдааны үеэр гишүүд салбартаа мэргэшсэн мэргэжлийн хүнийг сайдад нэр дэвшүүлж байгааг сайшаагаад алдагдалтай ажилладаг эрчим хүчний салбарыг зөв бодлоготой авч явах, олон жил шийдлээ хүлээсэн Эгийн голын цахилгаан станц гэх мэт чухал том төcөл, бүтээн байгуулалтыг урагшлуулах, шийдвэрлэхэд онцгой анхаарах, МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан "Эрчим хүчний үнийг цаашид буулгах" гэсэн зорилтыг биелүүлэх, хямд зардлаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зэргийг онцгойлон захин хэлж байв. Мөн энэ үеэр ураны нөөцийг ашиглах хэрэгтэй гэдгийг хэд хэдэн гишүүн хэлж байлаа.
А.Сүхбат гишүүн сэргээгдэх эрчим хүчний хөгжил, хөрөнгө оруулалтын хүрээнд хэрхэн ажиллах талаар асуухад нэр дэвшигч П.Ганхүү "Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль 2007 онд батлагдсан. Нэмэлт өөрчлөлт оруулахдаа хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор баталсан. Үнэхээр Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр их. Хэрэв надад итгэл хүлээлгэвэл Сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг дэмжих талаар анхаарч ажиллана" гэж хариулав.
Ингээд гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа гишүүдийн 88.7 хувь дэмжсэнээр П.Ганхүүг Эрчим хүчний сайдаар томиллоо.
П.Ганхүү нь 1976 онд Хөвсгөл аймагт төрсөн. 1997 онд Нийгэм, эдийн засгийн дээд сургууль, 1999 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, 2015 онд Австралийн Сиднейн их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засгийн магистр. АНУ, Япон Улсад эрчим хүчний чиглэлээр мэргэшил дээшлүүлсэн байна.
Тэрбээр 1997-1999 онд Нийгэм, эдийн засгийн дээд сургуульд багш, салбарын эрхлэгч, 1999-2001 онд МУИС-д “ТАСИС” төслийн зөвлөх, 2002-2004 онд Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн, 2004-2009 онд Түлш, эрчим хүчний яаманд газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, 2009-2012 онд Эрчим хүчний газрын орлогч даргаар тус тус ажиллажээ.
Н.Гантуяа