Тэмээчдийн анхдугаар зөвлөгөөн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийн санаачилга дор Ховд аймгийн “Тэмээчдийн анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулжээ.
Энэ сарын 8-нд Манхан суманд зохион байгуулсан тус зөвлөгөөнд Ховд аймгийн 15 сумын тэмээчдийн төлөөлөл 150 гаруй хүн оролцов.
Хамгийн залуу тэмээчин 25 настай
Тэмээчдийн анхдугаар зөвлөгөөнд оролцогчдын хамгийн ахмад нь 76 настай, Мөст сумын Цэцэг гол багийн тэмээчин Д.Эрдэнэ байлаа.
Харин хамгийн залуу оролцогч нь 25
настай, Мянгад сумын
Цагаанбулан багийн тэмээчин Х.Ганхуяг байв.
Энэ үеэр Манхан сумын Зэрэг гол багийн
тэмээчин Г.Өсөхжаргал өөрийн зохиосон "Тэмээний ерөөл"-ийг уншиж, мэндчилгээ
дэвшүүллээ.
Зөвлөгөөний
хүрээнд "Тэмээ өсгөх, чанарыг
сайжруулах, бойжуулсан ботгонд мөнгөн урамшуулал
олгох журам"-ыг хэлэлцэж, зөвлөгөөнөөс гарсан санал хүсэлтээ нэгтгэснээр
тэмээчид бодлогын баримт бичигтэй болж байна.
Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд тэмээчдийг
оролцуулах, хамтран ажиллах боломжуудын талаар илтгэл мэдээлэл хэлэлцжээ.
Тэмээчдийн
гаргасан зарим саналаас дурдвал:
•
Сум бүр Тэмээчдийн холбоог байгуулах
•
Тэмээний ноосны үнийг нэмэгдүүлэх
•
Тэмээг уналга ачилганд хэрэглэх, сургах, өв соёлоо хадгалан авч үлдэх
•
Тэмээ сургадаг залуучуудад "Спортын мастер" цол олгох
•
Ингэ саасан эмэгтэйчүүдийг аймаг, улсын аварга саальчин болгох
•
Аймгийн хэмжээнд “Тэмээний уралдаан” зохион байгуулдаг болох
•
Аргамж, дээс, бурантаг зэрэг тэмээний эдлэл хэрэглэлүүдийг бэлтгэх, тэмээчдэд
нийлүүлэх
•
Тэмээний ноосыг угаах, ээрэх үйлдвэрийг аймагтаа байгуулах
• Журамд орсон урамшууллын дүнг нэмэгдүүлэх зэрэг олон санал хэлсэн юм.
Онцлоход, Монгол Улсын Гавьяат малчин, Улсын аварга малчин Хандаагийн Эрдэнэ нь Ховд аймгийн нийт тэмээчдээс хамгийн олон тэмээ буюу 315 толгой тэмээтэй тул нэгдүгээрт бичигдэж байна. Тэрбээр “Ховд аймгийн 100 эрхэм”-ийн нэгээр шалгарч, шагналаа зөвлөгөөний үеэр гардан авав.
Мөн
энэ үеэр нэр бүхий
хүмүүсийг салбар яамны болон аймаг, орон нутгийн шагналуудаар шагнасан юм.