Булган суманд цахим луйвраас сэрэмжлүүлэх аян өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээс “Цахим луйвар”-аас сэрэмжил нэгдсэн үйл ажиллагаа (аян) зохион байгуулж байна.
Энэ ажлын зорилго нь цахим гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан
сэргийлэхэд чиглэж байна.
Судалгаагаар хүн амын 96
хувь нь интернэт ашиглаж байгаа бөгөөд үүнийг дагаад цахим залилангийн гэмт хэрэг
энэ жил гурав дахин нэмэгдсэн аж.
Ихэвчлэн барьцаагүй зээл олгоно, эд хөрөнгө өвлүүлнэ, шагнал гардуулна, сугалаа явуулна, онлайн худалдаа гэх мэтээр иргэдийг залилах, хохироох тохиолдол их гарч байна. Иймээс цахим луйвар, гэмт хэргээс сэргийлж, хувийн мэдээлэл, цахим хаяг, код зэргийг бусдад дамжуулахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөлөө.
Ташрамд, Улсын тэргүүний сумдын
нэг болох Ховд аймгийн Булган сум нь мал аж ахуй, худалдаа үйлчилгээ, газар
тариалан зонхилсон эдийн засагтай.
Тус сум нь нийслэл хотоос
1855 км, аймгийн төвөөс 385 км алслагдсан Монгол Улсын баруун хязгаар юм.
10 мянга гаруй хүн амтай.
Сумын хүн амын дийлэнх хувийг торгууд угсаатан эзэлдэг.
Тус сум нь баруун
талаараа БНХАУ-тай хиллэдэг. Зүүн болон хойт талаараа өндөр уулсаар, баруун
болон өмнөд талаараа говь болон Алтайн салбар уулсаар хүрээлэгдэн оршино.