ХОВД: Хүүхдийн байгууллагынхан 100 жилийн ойгоо тэмдэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Тус ойн баярын нээлт өнөөдөр Ховд аймагт болж, "Хүүхэд-Хайр-Ирээдүй" агуулгын хүрээнд өрнөлөө.
Үйл ажиллагаанд орон нутгийн удирдах ажилтнууд болон хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөлөл, сурагч, өсвөр үеийнхэн оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
Ховд аймгийн хүн амын 40 гаруй хувийг хүүхэд эзэлдэг. Одоогоор аймгийн хэмжээнд 17 хүртэлх насны 35445 хүүхэд бий. Үүнээс 18165 нь эрэгтэй, 17280 нь эмэгтэй юм.
Одоогийн байдлаар Ховд аймгийн Хүүхдийн ордонд хүүхэд, өсвөр үеийнхний мэдлэг, авьяас чадварыг хөгжүүлэх 20 орчим дугуйлан ажиллаж байна.
Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагууд нь хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангах, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд тогтмол анхаарч, тодорхой хөрөнгө оруулалтыг хийж байгаа талаар албаныхан онцоллоо
Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хамт олон тус ойн баярын хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд энэ сарын 25-ны өдөр хүртэл тусгай хуваарийн дагуу үргэлжилнэ.