Томоохон голуудын мөсөн бүрхүүл задарч байгааг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөлийн уулс болон Хөвсгөл нуураас эх авсан Дэлгэрмөрөн, Эг голуудын мөсөн бүрхүүл задарч Мөрөн сум, Эрдэнэбулган сум орчимд мөсөн захтай болсон байгааг Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн Ус судлалын өртөөнөөс анхааруулж байна.
Мөн Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас эхтэй Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишгэд, Идэр, Сэлэнгэ зэрэг томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан 20-145 см байгаа хэдий ч мөсний нягт багасч, хэврэгшиж мөс цөмрөх аюултай болсон байна. Хөвсгөл нуурын мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 105-120 см байгаа нь олон жилийн дунджийн орчим байна. Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан гол мөрнүүдийн мөсний нягт багасч хэврэгшин, битүү мөсөн бүрхүүл задарч байгаа тул нийт ард иргэд болон малчид, тээвэрчдийг цаг хожих, зам дөтлөх зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.