С.Баяр: Монголын ард түмэнд энэ хэргийн илрүүлэлт нь маш чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-10-02 14:16:22

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэг нар хүндэтгэл үзүүлэн, С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв.

Уг ёслолд Улсын Их Хурлын гишүүд, С.Зориг агсны төрөл төрөгсөд, журмын нөхөд болон албаны бусад хүмүүс оролцон хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм.

Энэ үеэр ардчиллын "Алтан хараацай" хэмээн монгол түмэндээ хүндлэгдсэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зориг агсаны төрсөн ах С.Баярын сэтгэгдлийг сонссон юм. “Зоригийн аллагын хэрэг болсноос хойш 17 жил өнгөрлөө. Монгол Улсад ардчилал тогтоод 25 жил болоод байхад энэ аллагын хэрэг илрэхгүй байгаа нь манай ардчилалд том хар толбо болсоор байна. Энэ аймшигт аллага илрээгүй цагт Монгол Улсад ардчилал бүрэн утгаараа хөгжиж, хэрэгжиж байна гэж итгэх боломжгүй юм. Биднээс энэ хэрэг юу болж байгаа, та нар юу хийж байна гэж иргэд, хэвлэл мэдээллийнхэн асуудаг. Бид гэр бүлийн гишүүдийн хувьд үе, үеийн төр засаг, хууль, шүүх, хүчний байгууллагад хандаж ирсэн. Олон жил энэ хэрэг илрэхгүй байгаад бидний хувьд маш гонсгор байна. Энэ хэргийн илрүүлэлтийн талаар Монголын ард түмэн хүлээсээр байгаа юм. Монголчуудад төдийгүй олон улсад энэ хэргийн илрүүлэлт өөрөө ихэд анхаарал татсаар байна. Олон улсын парламентын холбооны дэргэд Хүний эрхийн хороо байдаг. Тус хорооноос 14 жилийн өмнөөс буюу 2001 оноос хойш анхаарч ажиллаж ирсэн. Саяхан 10-аад хоногийн өмнө ХЭХ-ныхон Монголд ирээд явсан. Тэд мэдэгдэл гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Зоригийн маань энэ хөшөө бол ард түмний хандиваар боссон. Монгол хүн бүр улс орноо ил тод ардчиллын замаар хөгжиж, аливаад нээлттэй, итгэл үнэмшилтэй байхыг хүсч байгаа. Монгол Улс ардчилсан хуулиа дээдэлдэг улс орны чиг бодлогоо үргэлжлүүлэхийн тулд энэ хэрэгт хууль, хүчний  байгууллагууд илүү анхаарал хандуулж ажиллах байх гэж бодож байна. Гэр бүлийн гишүүдийн хувьд  үнэхээр цөхөрч байна. Монгол хүн тэнгэр бурхандаа итгэж ирсэн. Үйлийн үр гэж байдаг. Тэгэхээр энэ аллагыг үйлдсэн хүмүүст тэнгэрийн гэсгээл, шийтгэл ямар нэг байдлаар очих нь лавтай” гэлээ.

Д.Өлзий

相关新闻
注释