Наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бүртгэл эхэллээ.
Энэ жилийн наадамд улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 512 бөх зодоглох бөгөөд бүртгэл энэ сарын 7-9-ний 18:00 цаг хүртэл Монгол бөхийн өргөөнд үргэлжилнэ. Бөхчүүд бүртгүүлэхдээ цолны үнэмлэх, цээж зурагтай ирэхийг бөхийн салбар хорооноос анхааруулав.
Тэгвэл өсвөрийн 128
бөхийн барилдааны бүртгэл маргааш Монголын хүүхдийн ордонд эхэлнэ. Бүртгэлийг
хоёр өдөр зохион байгуулах юм. Ингэхдээ 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш
төрсөн хүүхдүүдийг бүртгэх бөгөөд цахим үнэмлэхээс гадна гадаад пасспорт болон И-Монголиагаас
төрсний бүртгэлийн лавлагааны аль нэгийг хоёр хувь цээж зурагтай авч очих юм
байна. Бүртгэл хоёр өдөр 09:00-16:00 цагт үргэлжлэх ажээ.
Ташрамд дурдахад,
Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүд, бөхийн дэвжээ,
галуудын багш, дасгалжуулагч нарт зориулан онлайн сургалт явуулсан
байна. Сургалтаар допингийн эсрэг код буюу баталсан эрх зүйн хэм хэмжээний
зохицуулалтын тухай мэдээлэл, Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас баталсан
хориглосон бодисын жагсаалт, шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд үүсэх
үр дагавар, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, Үндэсний их баяр наадам зохион
байгуулах үйл ажиллагаанд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын
оролцоо, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай ойлголт, хор уршиг,
хуулийн хариуцлага, урьдчилан сэргийлэх зэрэг сэдвээр мэдээлэл өгч, санал солилцжээ.