Ж.Мөнхбат: Засгийн газар 13 яам 1380 хүнтэй ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газар анхны хуралдаанаа хийсэнтэй холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа 7 асуудал авч хэлэлцсэн гэдгийг онцлов.
Нэгдүгээрт Улсын комиссын бүрэлдэхүүний өөрчлөлт, хоёрдугаарт Баян-Өлгий аймагт болсон үерийн гамшигт зориулж 300 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах тухай асуудлыг хэлэлцжээ.
Гуравдугаарт яамдын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай асуудлыг хэлэлцсэн байна. Өмнөх Засгийн газар 15 яам 1490 хүнтэй ажиллаж байсан бол одоо 13 яам 1380 хүнтэй ажиллах гэнэ. Ингэснээр 109 орон тоо хэмнэсэн аж. Мөн шинээр байгуулсан агентлагуудын орон тоог хэлэлцэн баталжээ. Түүнчлэн хэн нэгэн сайд түр эзгүй тохиолдолд УИХ-ын чуулганд түүнийг аль сайд орлох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Үүний зэрэгцээ Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод суух Ерөнхий консул Б.Энх-Амгаланг Шадар сайдын ажлын албаны даргаар томилсон шийдвэр гаргав.
Тус хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай асуудлыг хэлэлцсэн ба салбарын сайдуудад 11 чиглэлээр үүрэг өгсөн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат танилцуулав.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал