Цахилгаан шатыг СӨХ хариуцна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-03-21 15:23:50
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.  Орхон аймгийн хэмжээнд байшин хороололд 50 гаруй цахилгаан шат бий. Эдгээрээс дөрөв, тавдугаар хорооллын орон сууцны 18 цахилгаан шатыг Эрдэнэт Ус, Дулаан Түгээх Сүлжээ ОНӨХК хариуцдаг. Тус компаниас эдгээр цахилгаан шатны ашиглалт, засвар үйлчилгээг 8 жил хариуцан ажиллаж байна. 
Он гарсаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор тус байгууллагаас цахилгаан шат ашигласны төлбөрийг нэмэгдүүлж 20 мянган төгрөг болгосон. Иргэдийн зүгээс засвар үйлчилгээ, цэвэрлэгээ муу, дээрээс нь байнга гацаж эрсдэлтэй нөхцөл үүсгэдэг цахилгаан шатны үнийг нэмсэнд эсэргүүцлээ илэрхийлээд буй. 
Тиймээс дээрх 18 
цахилгаан шатны ашиглалт, үйлчилгээг Сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэн өгөхийг аймгийн засаг дарга С.Батжаргал үүрэг болгосон. Энэ дагуу Сууц өмчлөгчдийн холбооны Орхон аймаг дахь салбарын дарга Ц.Ганхуягаас дээрх 18 цахилгаан шатны ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаад явах боломж байгаа эсэхийг тодрууллаа. 
Тэрээр,
Сууц өмчлөгчдийн холбоо цахилгаан шатны ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаад ажиллахад бэлэн. Харин Эрдэнэт ус, Дулаан Түгээх Сүлжээ ОНӨХК-иас найман жилийн хугацаанд айл өрхөөс хураасан ашиглалтын зардлын санхүүгийн тайланг гаргаж өгөх, цахилгаан шатны засвар үйлчилгээг хийж эвдрэл, гэмтэлгүйгээр бидэнд хүлээлгэн өгөх шаардлагатай. Мөн засвар үйлчилгээг хувийн компанитай гэрээ байгуулж ажиллана. Үнийн хувьд оршин суугчидтайгаа зөвшилцөж тогтооно. Жишиг үнэ 10-15 мянган төгрөг байдаг. Өнөөдрийн байдлаар манай аймагт цахилгаан шатны ашиглалт үйлчилгээг хариуцдаг хувийн хэвшлийн нэг компани байна. Салбараа байгуулах хүсэлтэй хэд хэдэн компаниуд бий. Тиймээс эдгээр байгууллагуудтай гэрээ хийж засвар үйлчилгээг хариуцуулах бүрэн боломжтой гэсэн юм. 

相关新闻