Монгол эрчүүд эмэгтэйчүүдээс 11 насаар бага насалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Монгол эр хүний уужуу сайхан ухаан, алсын харааг бид өнгөрсөн, одоо, ирээдүйгээс харж болно. Харин монгол эр хүний эрүүл чийрэг биеийг өнгөрснөөс хайх цаг хугацаанд тулжээ. Тэд эмэгтэйчүүдээс 11 насаар бага насалж байна. Үр хүүхдээ хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэчихээд ханьтайгаа налайгаад суудаг сайхан насан дээрээ тэд хорвоогоос буцаж байна. Ард нь ганцаардсан, харамссан эмэгтэйчүүд хорвоог туулах гэж “бүдчинэ”.
Орхон аймгийн 107 мянга хүний 49 хувь нь эрэгтэйчүүд. Жилд төрж буй 2000 орчим хүүхдийн 52 хувь нь
хүү боловч нас ахих тусам эрчүүд эмэгтэйчүүдээс
ч илүү хорвоогоос хальж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй иргэний 55.8
хувь нь эрчүүд. Тэдний дундаж наслалт 71
байгаа бол эмэгтэйчүүдийнх 82 байна. Мөн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын 24.7
хувь нь эрчүүд. Амиа хорлолт нь эмэгтэйчүүдийнхээс 5.8 дахин их байна. 10 мянга гаруй ахмадын ердөө 3000 нь л эрчүүд
байна.
Энэ эрчүүд яачихав аа?
Орхон аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар хамтран “Эрэгтэйчүүд- Нийгмийн
хөгжилд” өдөрлөг өнөөдөр зохион байгууллаа.
Энэ асуултын хариуг тэндээс хайлаа. Юуны өмнө эрчүүдийн эрүүл мэнд, сэтгэл санаа, амьдралын
хэв маягийг өөрчлөх тухай энд ярилцлаа. Монгол Улсын хэмжээнд эрэгтэйчүүдийн 60
гаруй их эмч, 14 эмнэлэг ажиллаж байна. Харин Орхон аймаг өнгөрсөн онд БОЭТ-д Эрэгтэйчүүдийн
тасаг байгуулж нэг эмчийг бодлогоор дэмжиж, сургаж өнөөдөр эрчүүдийн эрүүл
мэндийн асуудлыг шийдээд явж байна. Энэ бол жижиг ч гэсэн дэвшил. Ямар ч гэсэн
Эрдэнэтийн эрчүүдийн эрүүл мэндийн төлөө төр, хувийн хэвшил хамтраад ажиллаж
байна. Гэхдээ л 15-36 насны залуучуудын дунд БЗХӨ их байгааг, 35-55 насны эрчүүдэд түрүү
булчирхайн архаг үрэвсэл их тохиолдож байгааг
эмч анхаарууллаа. Тиймээс эрчүүд эрүүл
мэндийнхээ төлөө өөрсдөө анхаардаг
байхыг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал “Бусдад хайртай бол
өөрийгөө эхлээд хайрлаарай” хэмээн илтгэлийнхээ төгсгөлд захисныг танхимд
цугласан олон эрчүүд бас тэдний гэргий нар ойлгосон байх аа. Тоон мэдээлэл
тэднийг “айлгасан” ч байх. Бас ямар
нэгэн шийдвэртэй алхам хийх сэдлийг нь төрүүлсэн байх гэж бодож байна.
Эрчүүд минь эрүүл байг!
“Эрэгтэйчүүд- Нийгмийн хөгжилд” өдөрлөгийн үеэр МУСГЗ, Төрийн соёрхолт Н.Наранбаатар “Тэнгэрлиг аав”
сэдвээр лекц тавилаа. Тэр монгол эр хүнийг эрүүл мэнд, оюун ухаан, сэтгэл зүрхэндээ
эзэн байх тухай хэллээ. Юуны өмнө уужуу ухаанаа, алсын хараагаа алдахгүйн тулд
эрчүүдийг эрүүл байхыг уриаллаа. Мөн өрх гэрийн түшиг, үр хүүхдийнхээ сүр сүлд
нь гэдгээ хэзээ ч бүү умарт гэлээ. Ажилдаа, амраг ханьдаа, амьдралд дурла
гэлээ. Байгаа бүхэндээ дурлаж байгаа бүхнээ хайрлахаас эр хүний мөн чанар харагдана
гэлээ. Тиймээс монгол эр хүний саруул ухаан, оюун бодол бие эрүүл, сэтгэл
тайван байхаас эхтэйг санууллаа.
Монгол эр хүн та урт наслаарай.