Хот тохижуулах газрын ажилчид цалингаа нэмүүлэх хүсэлт хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-03-18 12:49:39
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Хот тохижуулах газрын Үйлдвэрчний эвлэлээс тус байгууллагын ажилчдын цалинг нэмүүлэх асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. 

Хот тохижуулах газрын 280 гаруй ажилчин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 420-500 мянган төгрөгөөр цалинждаг.

Цалин багатайгаас үүдэн тус байгууллагад зам талбайн үйлчлэгч, ачигчаар ажилд орох хүн олдохгүй байгаа талаар тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Эрдэнэбат хэллээ. 

Тэрээр Цалин бага учраас манай байгууллагад ажиллах залуучууд олдохгүй байна. Бид өвлийн хүйтэн, зуны аагим халуунд өглөөнөөс орой болтол ажлаа хийдэг, хөдөлмөрийн нөхцөл хэцүү ч түүндээ таарсан цалин авч чадахгүй байна. Түүнчлэн сүүлийн нэг жилийн хугацаанд бензиний үнэ 1000 төгрөгөөр нэмэгдсэн, түүнийгээ дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа учраас цалингаараа амьдрахад улам л хэцүү болоод байна. Ер нь ганц бидэнд ч биш Орхон аймаг дахь төрийн үйлчилгээний албанд ажилладаг 672 хүнд санхүүгийн асуудал тулгарч байна. Тиймээс ихэнх нь хүүхдийн мөнгөөрөө амь зууж байгаа. Тэтгэвэр нэмэгдсэн нь сайн талтай боловч ахмадын тэтгэврээс бага цалинтай ажилчдын цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэлээ. 

Тиймээс тус Үйлдвэрчний эвлэлээс Хот тохижуулах газрын ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийг үнэлэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тиймээс Орхон аймгаас сонгогдон УИХ-д суугаа гурван гишүүнд цалин нэмэгдүүлэх асуудлыг цааш нь уламжилж өгөх, энэ асуудлыг шийдвэрлэж өгөх Хүсэлт хүргүүлэхээр болсон байна. Энэхүү хүсэлтийн хариуг ирэх 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээж авна. Ямар нэгэн шийдэлд хүрээгүй тохиолдолд дараагийн шатны тэмцэлд шилжинэ гэсэн юм. 

 

相关新闻