“Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч” хөдөлгөөний Бодлогын зөвлөлийн гишүүдийн төлөөлөлтэй уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өнөөдөр "Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч” хөдөлгөөний Бодлогын зөвлөлийн гишүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Бодлогын зөвлөл УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан асуулга, шаардлага хүргүүлж байгааг төлөөлөгчид УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт мэдээлээд албан бичгийг мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголын зэс” ХХК-ийн удирдлагуудад өгсөн гэлээ.
“Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч” хөдөлгөөний зохицуулагч Ц.Алтаншагай, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн оросын талын хувь эзэмшил 49 хувийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар Худалдаа хөгжлийн банкны охин компани нэртэй “Монголын зэс” компанид УИХ-аар хэлэлцүүлэлгүй нууцаар худалдсаныг Эрдэнэтчүүд бид эрс эсэргүүцэж байна гээд “Эрдэнэт” үйлдвэр нь төр ард түмэн, хувийн хэвшлийн хамтарсан өмч байх нь зүйтэй гэж үзэж УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан шаардлага хүргүүлж байна гэв.“Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч” хөдөлгөөнөөс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Оросын талын хувь эзэмшил 49 хувийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль, журмын дагуу “Монголын зэс” ХХК худалдан авсан эсэх, дээрх хувийг худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр хэрхэн бүрдсэн, Худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулагчдын талаар олон нийтэд албан ёсны мэдээлэл өгөхийг уг албан бичигт хүсчээ.
Түүнчлэн “Монголын зэс” ХХК-ийн худалдаж авсан гэгдэж буй 49 хувийн зохих хувийг хувьцаа хэлбэрээр ард түмэнд худалдахыг шаардсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нийт ажилчид, албан хаагчид болоод ахмадуудын шаардлагыг дээрх албан бичигт тусгасан хэмээн тус хөдөлгөөний бодлогын зөвлөлийн гишүүн Д.Цагаач хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн оросын талын 49 хувийг худалдсан асуудлаар олон хүн надад хандсан гээд “Энэ асуудлаар УИХ-ын гишүүд ч чуулганы хуралдааны үеэр байр сууриа илэрхийлсэн. УИХ-аар Засгийн газрын 11 сайдыг томилсон. Хэдийгээр 4 сайдыг томилох асуудал хүлээгдэж байгаа ч Засгийн газар үүргээ хэрэгжүүлэх бололцоотой болсон.
УИХ-ын гишүүдийн зүгээс “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар Ажлын хэсэг байгуулан шалгуулах саналыг Засгийн газарт тавьсаны дагуу Засгийн газар ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ахалж байгаа. Ажлын хэсэг энэ асуудлыг шалгаад бодит үнэнийг тогтооно гэж итгэж байна. Шалгалт хийж дууссаны дараа ямар арга хэмжээ авах талаар Засгийн газар, УИХ-ын түвшинд яригдана” хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.