“Цэрэг спортын цогцолбор” тэмцээнд 50 гаруй тамирчин оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-03-17 18:51:30

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ой, Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны 20 жилийн ойн хүрээнд спортын уралдаан, тэмцээнийг зохион байгууллаа.  

Аймгийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 113 дугаар тусгай салбар хамтран Арвайхээр сумын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “АХА” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулсан бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын дунд сагс, гар бөмбөгийн тэмцээн болов.

Аймгийн Засаг даргын нэрэмжит “Мини марш” буюу “Цэрэг спортын цогцолбор” тэмцээнд 50 гаруй тамирчин авхаалж самбаа, тэсвэр хатуужил, цэргийн хэргийн мэдлэг, ур чадвараа дайчлан өрсөлдсөнөөс Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн ахлах дэслэгч Ц.Лхагвасүрэн ахлагчтай баг тэргүүн байр эзэллээ.

Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн нэрэмжит буудлагын зэвсгийн бооцоот тэмцээнд 11 байгууллагын 40 гаруй гаруй албан хаагч оролцсоноос байгууллагын дүнгээр дэд хурандаа Д.Гүрбадам захирагчтай Зэвсэгт хүчний 256 дугаар анги, хурандаа Б.Мөнх-Эрдэнэ даргатай аймгийн Цагдаагийн газар, хурандаа Ж.Уламбаяр даргатай аймгийн Тагнуулын хэлтсийн баг эхний 3 байрт шалгарсан байна.

相关新闻