100 эмэгтэйн "Өглөөний цай" уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн
Засаг даргын ивээл дор “Өглөөний цай” уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар
салбар бүрийн, нас насны төлөөлөл болсон эмэгтэйчүүд үг хэлж, эрүүл мэнд, ёс
суртахуун, хүүхдийн хүмүүжил, ажлын байр, жендэрийн талаар сэтгэл чилээж явдгаа
илэрхийлсэн юм.
Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Ишдорж “Эмэгтэй хүн бол нийгмийн уран барилгачид” гэсэн сайхан үг бий. Эрүүл амьдралын хэвшилтэй гэр бүл, зөв хүмүүжил, төлөвшилтэй иргэн хүн, тогтвортой хөгжил бүхий улс орныг бүтээхэд та бүгдийн маань хүч оролцоо хамгийн чухал нь гэдгийг онцлон хэлье” хэмээгээд аймгийн удирдлагад тодорхой саналууд хэлвэл бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Мөн аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж эмэгтэйчүүдийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй аймгийн бодлого, шийдвэрийг, Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат хотынхоо хөгжил дэвшил, ая тухтай ажиллаж амьдрах орчин нөхцөлийн талаар мэдээлэл өглөө.


