Сургагч багш нарыг бэлтгэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. ИМПАКТ /Хөдөөгийн эдийн засгийн хөгжилд жендэрийн тэгш оролцоог хангах нь/ төслийн хэрэгжилтэд дунд хугацааны үнэлгээг хийжээ. Үнэлгээний гол зорилго нь төслийн хэрэгжилтийн үр дүнг тодорхойлох, төслийн хугацаа дуусахад тавьсан зорилго, зорилтдоо хүрэх боломж байгаа эсэх талаар судлан гаргаж ирэх юм. Төслийн үнэлгээг олон улсын мэргэшсэн төслийн үнэлээч Astrid Fossier гүйцэтгэсэн байна. Тэд төслийн хэрэгжилтэд үнэлгээ хийх үеэрээ Эрдэнэбулган сумын Засаг дарга Д.Мөнхбаттай уулзаж, төслийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл, төсөл суманд үр дүнтэй хэрэгжиж буй талаар ярилцсан юм. Үнэлгээг төсөл санхүүжүүлэгч Ёвропын холбоонд тайлагнах ажээ.
Төслийн хүрээнд Geres Олон улсын байгуулагаас ХААИС-тай хамтран Эрдэнэбулган сумын ногоочдыг хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалалт, хадгалалт, зах зээлийн менежмент, фермерийн аж ахуй эрхлэх зэрэг олон сэдвээр гүнзгийрүүлсэн чадваржуулах цуврал сургалтуудыг зохион байгуулж, сургагч багш нарыг бэлтгэсэн байна.
Мөн ИМПАКТ төслийн хүрээнд, сумын хүнсний ногооны салбарыг хөгжүүлэх зорилготойгоор Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын 40%-ийн санхүүжилт, төслийн 60%-ийн санхүүжилтээр Эрдэнэбулган суманд 60 тоннын багтаамжтай Эко зоорь шинээр барьж, ашиглалтад оруулсан юм.