Төсөвт байгууллагууд ажиллах нөхцөлөө сайжруулах хүсэлт тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-03-04 12:10:46

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг дарга А.Ишдорж нар Сант, Тарагт суманд ажиллалаа. Энэ үеэр сумын Засаг дарга болон төсөвт байгууллагуудын удирдлагатай уулзаж, тулгамсан асуудлын талаар санал солилцсон юм.

Өнгөрсөн жил Сант суманд 240 хүүхдийн сургуулийн барилга баригдаж, улсын төсвийн хөрөнгөөр сумын дэд бүтцийг сайжруулах, тохижуулах бүтээн байгуулалтын ажил өрнөсөн. Энэ оны хувьд улсын төсвийн хөрөнгөөр 15 ортой эмнэлгийн барилгыг шинээр барьж, хүүхдийн дотуур байр, сумын ЗДТГ-т их засвар хийх аж. Сумын зүгээс эмнэлэг, сургууль, соёлын төв, цэцэрлэгийг техник, тоног төхөөрөмжөөр хангаж өгөх, спорт заалтай болох хүсэлтийг тавьж байлаа.

 

Харин Тарагт суманд улсын төсвийн хөрөнгөөр Эрүүл мэндийн төвийг тоног төхөөрөмжөөр хангаж, эмч нарын байрыг засварласан ба ерөнхий боловсролын сургуульд их засвар хийх, инженерийн хийцтэй худаг гаргах зэргээр багагүй ажлыг өрнүүлсэн байна.

2019 онд баригдаж эхэлсэн ЗДТГ-ын барилга одоогоор бүрэн баригдаагүй, мөн 1976 онд анх ашиглалтад орсон спорт заалыг шинэчлэх, 1985 оноос ашиглаж эхэлсэн СӨББ-ын барилгыг бүрэн засварлах шаардлагатай байгаа талаар сумын удирдлагууд хүсэлт тавьсан бөгөөд энэ онд зарим хөрөнгө оруулалтыг хийхээ Д.Тогтохсүрэн гишүүн хэллээ.

Мөн аймгаас ажлын хэсэг томилж, ЗДТГ-ын барилгын явцад шалгалт хийн зохих арга хэмжээ авах үүрэг чиглэл өгөв.  Иргэдийн зүгээс өргөн хэрэглээний хүнс, барааны үнийн хөөрөгдөл, малын халдварт өвчлөл, шинэчлэн найруулсан хуулийн заалтуудтай холбоотой асуулт тавьж байлаа.

 

相关新闻