“Цахим Эрдэнэт 1” хөтөлбөрийн хүрээнд Smart Erdenet системийг ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-03-03 15:41:13
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/.  Орхон аймаг  мэдээллийн технологийн хөгжингүй хот болох зорилгоор Цахим Эрдэнэт 1 хөтөлбөр баталсан. Үүнийг хэрэгжүүлэх мастер төлөвлөгөөг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 3.6 тэрбум төгрөг зарцуулах ажээ.

Хөтөлбөрийн хүрээнд иргэдэд мэдээллийг цогц байдлаар хүргэх, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй авах боломжоор нь хангах, өдөр тутамд тулгамддаг асуудлуудаа цахим байдлаар шийдэх боломжийг бүрдүүлэх үүднээс Smart Erdenet системийг ашиглалтад оруулах юм.

Энэхүү систем нь E-Mongolia системтэй ажиллах зарчмын хувьд адилхан боловч агуулагдах мэдээлэл, цэсийн хувьд ашиглахад хялбар, олон төрлийн мэдээллийг багтаасан байх гэнэ.

Мөн Smart Erdenet гар утасны аппликэйшн ашиглалтад оруулна. Уг аппликэйшнийг хэн, хаанаас ч хэрэглэх боломжтой бөгөөд зөвхөн Эрдэнэт хотын хэрэглэгчид дата ашиглахгүйгээр нэвтрэх боломжийг бүрдүүлэх ажээ.

Иргэд уг аппликэйшнийг ашиглан эрүүл мэндийн байгууллагын үзлэгийн цаг авах, нийтийн тээврийн автобус, хогийн машины байршлыг харах боломжтой. Түүнчлэн хэрэглээний төлбөр тооцоогоо хийх, хотын хөгжил цэцэглэлтэд саналаа өгөх боломжууд нээгдэх юм. Smart Erdenet аппликэйшнийг ашиглалтад оруулахад 1 тэрбум төгрөг зарцуулна. 

 

相关新闻