Дорноговь аймаг 20 сая мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-03-03 14:37:05

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд хотод “Эко баялаг-Эко бизнес” уриатай зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ-аас энэ сарын 3-нд зохион байгуулж байна.

Дорноговь аймаг байгаль, цаг уурын эрс тэс уур амьсгалтай, экосистемийн хувьд эмзэг бүс нутагт хамаардаг төдийгүй уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хөрс, бэлчээр доройтон цөлжиж, байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, хамрах хүрээ жил бүр нэмэгдэж байгаа нь нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал болж байгааг албаныхан тодотгосон юм. 

Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь цөлжилтөд өртсөнөөс 10,2 хувь нь нэн хүчтэй, 43,4 хувь нь хүчтэй, 32,2 хувь нь дунд зэрэг гэсэн үзүүлэлттэй байгаа тул цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулахад чиглэсэн агро ойн аж ахуйг хөгжүүлж, иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэрийг бий болгох, иргэдэд мод тарих соёлыг төлөвшүүлэх нь хамгийн бодит үр дүн болно гэдгийг онцлон тэмдэглэсэн.

“Эко баялаг-Эко бизнес” уриан дор болж байгаа аймгийн зөвлөгөөнд сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, байгаль орчны мэргэжилтнүүд, уул уурхайн салбарын ажилтнууд, судлаачдын төлөөлөл зэрэг  200 гаруй хүн оролцож байна.

Тухайлбал, “Мон цемент бюлдинг материалс” ХХК-ийн байгаль орчны мэргэжилтэн С.Сумьяадорж уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй туршлага, байгаль орчны зөвлөх Э.Ариунболд говь цөлийн бүсийн зонхилогч модлог сөөг ургамлаар  ногоон байгууламж, нөхөн сэргээлт үүсгэх боломж зэрэг сэдвээр олон судлаач мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлж байна.

Аймгийн Засаг дарга О.Батжаргал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Дорноговь аймаг нэгдэж 20 сая мод тарихаар амлалт өгч, гэрээ байгуулсан. Мод тарих хөдөлгөөн нь зөвхөн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээс гадна аймгийн иргэд тодорхой түвшинд ажил орлоготой болж, Дорноговь аймгийн 200 орчим хүн байнгын, 5000 мянга орчим хүн түр ажлын байраар хангагдах боломжтой гэдгийг онцолсон юм.

 

相关新闻