"Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт хэлэлцүүлэг болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг гуравдугаар сарын 14-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулна. Энэхүү чуулганы бэлтгэл ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” хамтран “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт дэд хэлэлцүүлгийг хоёрдугаар сарын 25-нд хамтран зохион байгуулав. Хэлэлцүүлэгт жендэр, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны албан хаагч, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, үлгэрлэн манлайлж буй төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хамрагдсан бөгөөд тэд эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөрийн үнэлэмж, нийгэмд эзлэх байр суурь гэх мэт асуудлуудаар санал бодлоо солилцлоо.