Байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг Д.Оюунхорол удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-22 23:22:58

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхоролыг томиллоо.

Хэлэлцүүлгийн эхэнд Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав байнгын хорооны санал дүгнэлтийг уншиж танилцуулав. Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлыг МАН шударгаар шийднэ гэсэн хүлээлт иргэдийн дунд байна. Тус үйлдвэрийг 51 хувийг хоёр хуваасан асуудал бол луйвар шүү. Засгийн газрын түвшинд энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй" гэлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Засгийн газрын 68 дугаар тогтоолыг харсан уу. "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг яагаад манайх авав гэдэг асуудлыг би судалж байна. Ямар нэг дагалдах өр 49 хувийг дагаад гараад ирэх юм биш биз" гэсэн асуудлыг хөндөж байв. Мөн нэр дэвшигч Д.Оюунхоролд хандаж, "Яамандаа халаа сэлгээ хийлгүй мэргэшсэн төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулаарай. Түүнчлэн "Эрдэнэт" үйлдвэрийн цагаан тоосны асуудлыг анхааралдаа аваарай" гэж О.Баасанхүү гишүүн захилаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар,"Хувийн өмчтэй хүнийг хоёрдугаарт тавьдаг тал байна уу. Өнөөдөр ажил эрхэлж буй 1 сая гаруй иргэдийн 850 мянгыг нь аж ахуйн нэгжүүд ажлын байртай байлгаж байгаа. Хувийн хэвшлийнхэн рүү дайрсан үг хэллэгээ бодож хэлж байгаарай. Энэ байдал чинь хувийн аж ахуй эрхлэх сонирхолыг бууруулдаг юм шиг байгаа юм шүү. Монгол төрийн ой санамжид монгол хүн хамгийн тод байх ёстой шүү. Амжилт хүсье" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын томилгоог дэмжиж байна. Энэ салбарын сайдууд ногоон хөгжлийн асуудлаа голлоод аялал жуулчлалын салбарыг орхигдуулаад байдаг. Монгол Улс өнөөдөр аялал жуулчлалын хөгжлөөрөө 99 дүгээрт жагсаж байна. Энэ салбараас эдийн засгийн нэгээхэн орлогыг бүрдүүлэхэд анхаараарай" гэв.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, "Орхон голын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Тусгай хамгаалалттай газар нутгаас тодорхой газар нутгийг гаргаж өгөх хэрэгтэй байна. Агаарын бохирдлын тухайд нийслэлийг онцолж ярьдаг. Аймгууд дахь агаарын бохирдолд ажлаа чиглүүлж ажиллаарай" гэсэн бол УИХ-ын гишүүн Я.Содбаатар мөн Орхон голын бохирдлыг арилгахад анхаарч ажиллахыг захив.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, "Нийт газар нутгийн 77.2 хувь нь цөлжиж байна. Цөлжилттэй тэмцэх асуудлыг онцгой анхаараач ээ. Нөхөн сэргээлт, агаарын бохирдол, хөрсний ус, хөрсний бохирдол зэрэг анхаарах асуудал байсаар байна. Нийслэлийн нэг хувийн татвар аялал жуулчлалын салбарт дарамт болж байгаа шүү" гэлээ. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат, "МАН анхны ялагдлаа хүлээлээ" хэмээн намайг хэлсэн мэтээр олон нийтийн сүлжээгээр цацсан байна. Энэ тухайд хэлсэн юм байхгүй. Төв аймгийн Заамар сум өнөөдөр хүнд байдалтай байна. Эцэг өвгөдийн өвлүүлсэн газар нутгаа цөлмөх биш дээр нь тарьж ургуулж авч явах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр Туул гол, түүний ай савыг бохирдуулж байгаад та ямар байр суурьтай байна вэ. Улаанбаатар хотод шинэ цэвэрлэх байгууламж барихыг та дэмжих үү" гэсэн асуулт тавьсан.

Үүнд нэр дэвшигч Д.Оюунхорол, "Байгаль хамгаалах чиглэлээр иргэд, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна. Туул гол дээр үр хүүхдээ дагуулж очих орчныг бий болгож чадахгүй байна. Иймээс арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх, нөхөн төлбөр өгөх шаардлага бий. Мөн гол орчмын амралтын газар байгуулах хэрэгцээ байгаа. Цэвэрлэх байгууламж өнөөдөр хамгийн хүнд сэдэв болоод байна. Тиймээс Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч ажиллана" гэв.

Ингээд санал хураалт явуулахад нэр дэвшигч Д.Оюунхорол 95.3 хувийн дэмжлэг авсан юм.

Д.Оюунхоролын намтар

Д.Оюунхорол 1963 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. 1981 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль, 1986 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг математикийн багш мэргэжлээр, 2003 онд Монгол Улсын Их Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Дэд доктор, дэд профессор цолтой.

Тэрбээр 1986-1987 онд Нийслэлийн 10 жилийн 26-р дунд сургуульд Математикийн багш, 1987-1989 онд тус сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажлын гараагаа эхэлж, 1989-1990 онд Туул хорооны ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1990-1991 онд Нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч, 1991-2000 онд Отгонтэнгэр дээд сургуулийн захирлаар тус тус  ажиллажээ. 

Д.Оюунхорол 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд  Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгчийн албыг хашиж байгаад 2008 онд УИХ-д дахин сонгогдож, 2008-2009 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байв. Мөн тэрбээр 2016 оны УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр  дахин сонгогдсон.  

Б.Туул

相关新闻