Турк улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэхийг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-02-21 18:41:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.


“Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай" Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Турк Улсын Дээд боловсролын зөвлөлийн харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн дүнд дээд боловсролын салбарт ахицтай үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд илэрхийлэв.

Турк Улсын Засгийн газрын тэтгэлгээр Монгол Улсаас жил бүр  оюутан суралцдаг. Энэ тоог цаашид нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд илэрхийллээ. Мөн энэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-иудад ажиллуулж байгаа сэтгэл зүйчийн өрөөг сургууль бүрт байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Монгол болон БНТУ сүүлийн жилүүдэд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлж байна. Тухайлбал:

- Налайх дүүргийн МСҮТ-ийн гагнуурын анги байгуулах,

- Мал аж ахуй, Биотехнологийн сургуульд хэрэгжүүлсэн “Малын уурагт тэжээл тариалах, тэжээл үйлдвэрлэх” төсөл,

- Төв аймгийн Эрдэнэ сумын бага сургуулийн анги танхимыг тохижуулж, Техник, технологийн политехникийн коллежийн хоол, нарийн боов үйлдвэрлэлийн дадлагын газар, сургалтын орчны үйл ажиллагааг сайжруулах төсөл,

- ШУТИС-ийн БуХС-ийн дэргэд “3 хэмжээст мэдээлэлзүй дизайн”-ы лаборатори байгуулах төсөл,

-МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд Цахилгаан соронзонгийн лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ.

相关新闻