Их Британид 5-11 насны хүүхдүүдэд “COVID-19”-ийн вакцинд хамрагдахыг санал болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-02-17 16:44:58

ЛОНДОН. /AP/. Их Британид 5-11 насны зургаан сая орчим хүүхдэд коронавирусний вакцинд хамрагдахыг санал болгоно гэж тус улсын эрх баригчид лхагва гарагт мэдэгджээ.


Засгийн газрын мэдээлснээр, Англид ирэх дөрөвдүгээр сараас бага насны хүүхдүүдэд “COVID-19”-ийн вакцины бага тунд хамрагдахыг “яаралтай бусаар” санал болгож эхэлнэ. Шотланд, Уэльс, Умард Ирланд ч мөн ижил шийдвэрээ танилцуулжээ.


“Бид вирустэй дасан зохицож амьдрахад суралцаж байгаатай зэрэгцэн ирээдүйд дэгдэж болзошгүй халдварын давлагаанаас сэргийлэх нөхцөлийг сайжруулахын тулд эцэг эхчүүд өөрсдийн хүслээр шийдвэрээ гаргах боломжтой” гэж Эрүүл мэндийн сайд Сажид Жавид хэлсэн байна.


Засгийн газрын хөндлөнгийн вакцины зөвлөх хорооны мэдээлснээр, хэдийгээр вирус ихэнх хүүхдүүдэд ноцтой аюул учруулахгүй байгаа ч халдвар авсан цөөн тооны хүүхдүүд хүндээр өвчилж байгаа юм.


Их Британид 12-оос дээш насны хүн амын 85 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа ч хүүхдүүдийг вакцинжуулсан үзүүлэлтээрээ АНУ болон Франц, Герман, Итали зэрэг Европын орнуудаас хол хоцорч байгаа юм. Одоогоор 11-ээс дээш насны хүүхдүүдийн хувьд коронавирусний халдвар авсан тохиолдолд хүндрэх өндөр эрсдэл бүхий эрүүл мэндийн шалтгаантай нөхцөлд л зөвхөн вакцинд хамрагдахыг зөвшөөрөөд байгаа юм.


Их Британийн эрх баригчдын мэдээлснээр, бага насны хүүхдүүдэд “Pfizer/BioNTech” компанийн вакцины 10 микрограмм хэмжээтэй хоёр тунг наад зах нь 12 долоо хоногийн хугацаатай тарих юм байна. 

相关新闻