Танин мэдэхүйн "Миний Өвөрхангай" ном уншигчдад хүрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг
үүсэж байгуулагдсан өдөр буюу 2 дугаар сарын 18-ны
“Хүндэтгэлийн өдөр”-ийг угтан “Миний Өвөрхангай” хүүхэд, багачуудад зориулсан
танин мэдэхүйн номыг аймгийн БШУГ-аас хэвлүүлжээ.
Номын нээлтийн ёслол
өнөөдөр болсон бөгөөд аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлсэн үгэндээ “Бидний хойч
ирээдүй болсон хүүхэд, багачууд маань аймаг, орон нутгийнхаа арвин баялаг
түүхээс судалж, амжилт бүтээлээс нь суралцан, эх орныхоо алхам газар, атга
шорооны үнэ цэнийг мэдэж ухаарсан зөв хүмүүжил төлөвшилтэй, эрдэм мэдлэгтэй,
хариуцлагатай иргэн болоход энэ ном тусална” хэмээн онцолсон юм.
Мөн БШУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн “Багш,
сурагчид төдийгүй нийт иргэдээ нутаг орныхоо түүх, онцлог, бахархлыг
мэдэж, судлахад боловсролын байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж оролцох ёстой”
хэмээгээд аймгийн хэмжээний 31 сургууль 908 анги, бүлэгт номын дээжийг хүргэж,
сурагчдын танин мэдэхүйн боловсролд хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ.
“Миний Өвөрхангай” ном дөрвөн бүлэгтэй
бөгөөд аймгийн түүхэн хөгжил, байгалийн онцлог, нөөц, өв соёл, бахархалт хүмүүсийн
тухай багтаасан байна.
