"Миний Өвөрхангай" аяныг дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-02-16 16:10:00

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймгийн түүхт 90 жилийн ойн хүрээнд эхлүүлсэн “Миний Өвөрхангай” аян хоёр дахь жилдээ үргэлжилж байна.

Аяны хүрээнд аймаг орон нутгийнхаа түүх, ёс заншил, өв уламжлал, байгалийн үзэсгэлэнт болон соёлын дурсгалт газар, бахархалт хүмүүсийг танин мэдэх, бахархах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор цахим уралдаануудыг боловсрол, соёлын байгууллагуудын дунд уралдаан зарласан бөгөөд өнөөдөр дүгнэж, шагналыг гардууллаа.

Мөн хүүхэд, багачуудад зориулсан танин мэдэхүйн “Миний Өвөрхангай” номын нээлтийг хийж, “Шинэ бүтээл-Оновчтой санал” сэдвийн хүрээнд багш, сурагчдын шилдэг бүтээлээр үзэсгэлэн гаргасан юм.

Аяны үйл ажиллагааг дүгнэж, аймгийн Засаг дарга А.Ишдорж үг хэлэхдээ “91 жилийн түүхэн хугацаанд өнөөгийн Өвөрхангай хэрхэн өсч хөгжиж ирснийг ирээдүйн эзэд болох үр хойч, хүүхэд залуустаа өвлүүлэн мэдүүлж, эх нутгаа эрхэмлэн дээдлэхийн утга учир, хүн-байгалийн шүтэлцээг танин мэдүүлж ойлгуулах нь аймгийн удирдлага бидний нэг үүрэг юм” хэмээгээд аянд идэвхтэй оролцсон багш, сурагчдад баяр хүргэлээ.

相关新闻