Алтайчууд “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Орон даяар зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газрын А зааланд нээлтээ хийлээ.
Аянд өнөөдөр нийт 13 байгууллагын 100 гаруй ажилтан, албан хаагч, ард иргэд аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд хүрэлцэн ирж дасгал хөдөлгөөнөөр хичээллэсэн байна. Цаашид ажлын өдрүүдэд өглөө 06:30-07:30 цагийн хооронд иргэдийг ирж дасгал хөдөлгөөнөөр хичээлллэхийг аймгийн Биеийн тамир, спортын газраас уриалав.
Биеийн тамир, спортын улсын хорооноос энэ оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалж улсын хэмжээнд өнөөдрөөс эхэлж “Илүүдэл жингүй - Эртэч Монгол” аяныг зохион байгуулж буй юм. Энэхүү аян хоёрдугаар сарын 16-наас зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимд иргэд хөдөлмөрчдийг 06:30-07:30 цагийн хооронд ийнхүү үнэ төлбөргүй хичээллэх боломжийг бий болгожээ.