Э.Батаа: 2, 3 дугаар ангийн хүүхдүүдэд илүү их хоцрогдол үүссэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Засгийн газрын
шийдвэрээр бүх шатны
боловсролын байгууллагын хичээл, сургалтыг өнөөдрөөс 100 хувь танхимаар эхлүүлж байна. Үүнтэй
холбогдуулан аймгийн БШУГ-ын Сургалт судалгаа, аргазүйн хэлтсийн дарга
Э.Батаагаас тодруулга мэдээ авлаа.
- -Өвөрхангай аймгийн хэмжээнд хичээл, сургалтын үйл
ажиллагаа хэвийн эхлэв үү, бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?
- -Монгол
Улсын Засгийн газраас 2021-2022 оны хичээлийн жилийн II
улирлын хичээлийг 2 дугаар сарын 14-ний өдрөөс танхимаар зохион байгуулах шийдвэр
гаргасны дагуу аймгийн хэмжээнд бэлтгэл ажлыг хангаж, цэцэрлэг, ерөнхий
боловсролын сургуулийн үйл ажиллагааг ямар нэг саад бэрхшээлгүйгээр эхлүүлээд
байна.
"Ковид-19" цар тахлын нөхцөл байдлаас
шалтгаалан хоёр жилийн туршид хичээл, сургалтын үйл ажиллагаа хязгаарлагдмал байсан
нь хүүхдийг хичээлийн хоцрогдолд оруулахаас гадна хүмүүжил, төлөвшилд ч сөргөөр
нөлөөлж байсан. Тийм учраас хүүхдийг нийгмийн харилцаанд оруулж, нийгэмшихүйн хөгжлийг
хангах шаардлага, хэрэгцээнд үндэслэн бүх шатны боловсролын байгууллагын үйл
ажиллагааг эхлүүлж байгаа юм.
Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын
сургуульд 23 мянган сурагч, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 4 мянга
гаруй хүүхэд суралцаж байна.
- -Аймгийн хэмжээнд сурагчдын хичээлийн
хоцрогдолт ямар түвшинд байгаа вэ, хоцрогдлыг хэрхэн арилгах вэ?
- -Сүүлийн хоёр жилийн хугацаанд теле болон цахим хичээлийг зайн сургалтын хэлбэрээр зохион байгуулсан хэдий ч хүүхдүүдийн сурлагад хоцрогдолт үүссэн. Үүнтэй холбогдуулан БШУЯ-наас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах гурван жилийн цогц төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.
Хоцрогдлыг арилгах хамгийн үр дүнтэй арга
бол танхимын сургалт гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Бид суралцагчдын хоцрогдлын агуулгыг нарийвчлан тодорхойлох,
үүний үр дүнд суурилан
хариу арга хэмжээ авах зорилгоор Боловсролын үнэлгээний төвтэй хамтраад оношлох үнэлгээг зохион
байгууллаа. Нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа хүүхдүүдийн хичээлд бэлтгэгдсэн
байдлын үнэлгээ, судалгааг, 2-12 дугаар ангийн сурагчдаас тус бүр 4-6 хичээлээр
сургуульд суурилсан үнэлгээг авсан. Энэ үнэлгээнд суурилаад юуг засах, юуг сайжруулахыг
тодорхойлж, хүүхэд бүрт хүрэхүйц аргазүйг сонгоод сургууль бүр бодлого гарган
ажиллана. Сурлагын хоцрогдлыг
ганц үйл ажиллагаагаар юмуу, нэг жилийн
дотор нөхөх боломжгүй. Шат дараатай байдлаар гурван жилийн хугацаанд хийж
гүйцэтгэх юм.
Оношлох үнэлгээний үр дүнгээс харахад 2, 3 дугаар ангийн хүүхдүүдэд илүү их
хоцрогдол үүссэн байна. Яагаад гэхээр нэгдүгээр ангидаа бүрэн суралцаж, суурь мэдлэгийг
олж авах боломж хомс байсан, хоёрдугаар ангид ороод чадваржиж чадаагүй. Тиймээс
бага ангид унших, бичих чадварын хоцрогдлыг арилгахад илүү анхаарч ажиллах шаардлага
байна. Нэг талаас сургууль, багш, нөгөө талаас эцэг эхчүүд, асран хамгаалагчид
хамтарч ажиллаж байж хүүхдийнхээ сурлагын хоцрогдлыг бүрэн арилгаж чадна.
- -Эцэг, эхчүүдийн зүгээс юуг анхаарах ёстой вэ?
- -Цар тахлын эрсдэл бүрэн арилаагүй байна. Гэвч хүүхэд бүрээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ аваад байх эдийн засгийн боломж, хүн хүчний нөөц хязгаарлагдмал байгаа. Тэгэхээр эцэг, эхчүүд бид бүхэн хүүхдүүдээ сайн ажиглах хэрэгтэй байна. Халуурах, толгой өвдөх, хоолой хөндүүрлэх зовуурь илэрч байгаа эсэхийг өдөр тутам хянаж, асууж ярилцаж, хэрэв шинж тэмдэг илрэх юм бол нэг удаадаа хичээлээс чөлөөлж, өрхийн эмнэлэгтээ хандан тусламж авах зэргээр хүүхдэдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Мөн анги танхимд амны хаалтыг байнга зүүж, агаар сэлгэлтийг тогтмол хийх ёстой. Манай аймгийн хэмжээний сургуулиудад ковидын цахим бүртгэлийг хийдэг. Сурагчид бар кодоо уншуулахад халдвар авсан эсвэл ойрын хавьтал болсон эсэх нь гардаг учраас хяналт тавих боломжтой юм. Хүүхэд ковидын халдвараар өвдсөн тохиолдолд тухайн ангийн хичээл, сургалтыг 3 хоногийн хугацаанд цахим хэлбэрт шилжүүлж, 4 дэх өдрөөс нь танхимын сургалтаар үргэлжүүлэх зохион байгуулалтыг авна.
- -Өнөөдөр ЭЕШ-ын бүртгэл эхэлж байна. Төгсөх ангийнханд
хандаж зөвлөгөө өгөх үү?
- -ЭЕШ-ын бүртгэл өнөөдрөөс 4
дүгээр сарын 25 хүртэл үргэлжилнэ. Өнөөдөр БҮТ-өөс улс, орон даяар мэдээлэл хүргэлээ.
Энэ жилийн ЭЕШ-ыг хоёр удаа авахаар зохион байгуулалт хийж байна. 2022 оны
6-р сард, мөн дүн оноогоо ахиулахыг хүссэн болон өмнөх ЭЕШ-д орж чадаагүй бол 12-р сард нэмэлт шалгалт өгч болно. Илүү нарийвчилсан
мэдээллийг аймаг, орон нутгийнхаа хэмжээнд хүргэх ажлыг зохион байгуулна.
- -Мэдээлэл өгсөнд баярлалаа.