Уянга сумаас аймгийн аварга малчин тав шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улиран өнгөрч буй цагаагчин үхэр жилд Уянга
сумаас “Аймгийн аварга малчин” дөрөв, “Аймгийн аварга саальчин” нэг шалгарлаа.
Буянт мал сүргээ төрөл бүр дээр өсгөн онд
мэнд оруулж, чанаржуулж, залуу малчдыг сурган малжуулж, сум орон нутгийнхаа
хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй 1 дүгээр багийн малчин Ч.Мөнхбат,
2 дугаар багийн малчин А.Жамбаахүү, 4 дүгээр багийн малчин Ч.Пүрэвдорж, 5
дугаар багийн малчин Б.Бямбадорж нарыг “Аймгийн аварга малчин”, 4 дүгээр багийн
малчин Б.Отгонсүрэнг “Аймгийн аварга саальчин”-аар шалгарууллаа. Тус сумаас
төрсөн аваргууд бүгд удам дамжсан, хоёр, гурав дахь үеийнхээ аварга болж
байгаагаараа онцлог байв.
Аваргуудын шагналыг аймгийн Засаг
дарга А.Ишдорж хотонд нь гардуулан өгч, хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ өвөлжилтийн
өнгө төрх, малчдын санал хүсэлттэй танилцсан юм. Уянга суманд энэ жил 1800
гаруй малчин өрхийн 270 гаруй мянган толгой мал өвөлжиж байна. Зуншлага,
намаржаа сайхан, газрын гарц арвин байсны улмаас малчин өрх бүр хадлан тэжээлээ
сайтар базааж, өвлийг өнтэй давж байна. Мөн сумын хэмжээнд 50 га талбайд малын
ногоон тэжээл тарьжээ.
Аймгаас малчдаа дэмжих бодлого барьж, мах,
ноос, арьс ширний томоохон үйлдвэрүүдийг байгуулсан, 2021 оныг “Хөдөө аж
ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж, төлөвлөсөн ажлаа 90 гаруй хувийн
биелэлттэй хэрэгжүүлсэн явдалд малчид
ихээхэн талархалтай хандаж байлаа.



