Залуучууд эрүүл мэнддээ анхаардаггүй нь зав, боломж гардаггүйтэй холбоотой гэж хариулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Залуучуудын хөгжлийн төв, Залуучуудын ордон
хамтран “Залуучуудаа сонсъё, хамтран ажиллая” цахим санал асуулгыг явуулсан байна. Санал асуулгад
15-аас дээш насны 1020 хүн оролцжээ. Санал асуулгыг хувь
хүний хөгжил, боловсрол соёл урлаг, спорт шинжлэх ухаан, эрүүл мэнд, хөдөлмөр
эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин гэсэн агуулгын хүрээнд явуулжээ.
Судалгаагаар залуус хувь хүний хөгжлийн чиглэлээр харилцаа хандлага, илтгэх урлаг, хэлний
боловсролыг сайжруулах, жижиг дунд бизнес хөгжүүлэх сургалтад хамрагдах хүсэлтэй
байгаагаа илэрхийлжээ. Мөн спорт, урлагийн үйл ажиллагаа хэрэгцээтэй байдаг
талаар дурджээ.
Түүнчлэн судалгаанд оролцсон залуусын ихэнх нь өвдсөн үедээ эмнэлгийн
байгууллагаар үйлчлүүлдэг бол 15 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг гэж
гарчээ. Эрүүл мэнддээ анхаарал
хандуулдаггүй шалтгааныг зав, боломж гардаггүй гэж хариулсан байна.
Хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлууд гэсэн асуултад цалин бага, ажлын байр болон мэдээлэл хомс, бага
насны хүүхэдтэй гэсэн хариулт дийлэнх хувийг эзэлж байна. Мөн 50 хувь нь эзэмшсэн мэргэжлийн дагуу ажлын
байр хангалтгүй байдаг гэжээ.
Харин аюулгүй амьдрах орчны хувьд хөршийн холбоог сайжруулах, үйлчилгээний
газрууд бага насны хүүхдийг саатуулах төвтэй байх, соёл амралтын хүрээлэнг
олноор бий болгох, хогоо ангилдаг, архины хэрэглээг бүх нийтээр багасгах хэрэгтэй гэсэн санал дэвшүүлсэн байна.