Д.Лхагважав: Хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчид дотоод хяналтаа сайтар мөрдөх хэрэгтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. "Ковид-19" цар тахлаас
шалтгаалсан олон удаагийн хөл хориотой холбоотойгоор хүнсний чанар, аюулгүй байдал
хэр зөрчигдөж байгааг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол,
хүнсний хяналтын хэлтсийн дарга Д.Лхагважаваас тодрууллаа.
- Халдварт цар
тахлын улмаас хүнс, хоол үйлдвэрлэлийн салбар багагүй эрсдэлд орсон. Үүнээс
улбаатайгаар эрүүл ахуй, чанар, аюулгүй байдалд хэр өөрчлөлт гарч байгаа бол.
Танай байгууллагаас хяналтыг хэрхэн тавьж байна вэ?
- Мэргэжлийн хяналтын
газраас жил бүр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамжийг баталж,
хэрэгжүүлдэг. 2021 онд МХЕГ-ын даргын баталсан 01/05 удирдамжийн хүрээнд цагаан
сар, хүүхдийн баяр, наадам, шинэ жилийн үеэр хяналт шалгалтын ажлыг зохион
байгуулж гүйцэтгэлээ.
Хөл хориотой холбоотойгоор иргэдийн худалдан авах чадвар
буурч, хүнсний борлуулалт багассан нь хадгалалтын хугацаа, чанарт нөлөөлсөн. Гэвч
мэргэжлийн хяналтын байгууллагаас зохих хяналтыг тавьж, мэргэжил аргазүйн
зөвлөгөөг өгч байгаа учраас зөрчил харьцангүй бага гардаг.
Аймгийн Засаг даргын 405 дугаар захирамжийн дагуу архи,
согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй цэгүүдэд
хяналтын хуудсаар үнэлгээ хийх ажлыг зохион байгуулсан. Үүнд 19 суманд үйл
ажиллагаа явуулдаг худалдааны 381, хоол үйлдвэрлэлийн 28 цэгийг хамруулахад 149
обьект стандартын шаардлагыг 90-ээс дээш хувьтай, 181 обьект 80-89 хувьтай
хангасан байна.
Аттестатчлалын үнэлгээ хийх энэ хяналт шалгалтад иргэд,
аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдлыг хангах,
худалдаа, үйлчилгээнийхээ цэгийн орчин нөхцөлийг сайжруулж, засвар үйлчилгээ
хийх зэргээр нэлээдгүй бэлтгэл хангаж хамрагдсан учраас хүнс, хоол
үйлдвэрлэлтэй холбоотой зөрчил бага байлаа.
2021 онд иргэдээс ирүүлсэн гомдол, хүсэлтийн дагуу төлөвлөгөөт бус шалгалтыг 5 удаа зохион байгуулсан. Энэ нь ихэвчлэн нийтийн хоолны газруудын орчны ариун цэвэр, хоолны чанартай холбоотой байсан учраас бүтээгдэхүүнүүдийг шинжилгээнд хамруулан, ариутгал цэвэрлэгээг хийлгэж, зарим газрын үйл ажиллагааг түр зогсоон хуулийн дагуу арга хэмжээ авсан.
- Шинэ жилийн баярын үеэр хяналтыг хэр тавив. Ямар нэг
санал, гомдол гарав уу?
- Шинэ жилийн баярыг
тохиолдуулан худалдааны 51, хоол үйлдвэрлэлийн 21, бялуу, нарийн боовны 11 цэгт
хяналт шалгалт хийж, зарим төрлийн бүтээгдэхүүнээс дээж аван шинжилгээнд
хамруулсан. Лабораторийн шинжилгээгээр стандартын шаардлага хангаагүй гэх
бүтээгдэхүүн гараагүй. Харин хоол үйлдвэрлэлийн нэг цэгт сэжигтэй тохиолдол илэрсэн учраас дээж авч
лабораторид болон арчдасын шинжилгээнд хамруулахад шаардлага хангаагүй нь
илэрсэн тул тухайн аж ахуйн нэгжид хугацаатай албан шаардлага хүргүүлж,
гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж, нийтийг хамарсан хордлого, халдвар гарахаас
урьдчилан сэргийллээ.
Мөн баярын үеэр хүүхдийн бэлгэнд боосон бүтээгдэхүүнүүдийн
чанар, аюулгүй байдал, хэрэглэх хугацааг шалгаж үзэхэд ямар нэг зөрчил
илрээгүй. Шинэ жилийг байгууллага, аж ахуйн нэгжүүд 100 хувийн дүүргэлттэйгээр
тэмдэглэхгүй байх аймгийн Засаг даргын захирамж гарсны дагуу, хүлээн авалт хийж
байгаа газруудад зөвлөмж, мэдэгдэл хүргүүлж, халдвар хамгааллын дэглэмийг
баримтлуулах чиглэлээр хяналт, шалгалтуудыг зохион байгуулж ажиллалаа.
- Иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хугацааг
төдийлөн харж хэвшээгүй. Мөн хөгцөрсөн, муудсан бүтээгдэхүүнийг зохих газарт
хэлэлгүй, хогийн саванд хийчихдэг тал бий.
- Мэргэжлийн хяналтын газрын
чиг үүргийн хүрээнд салбарын сургалтыг нэлээдгүй зохион байгуулах чиг үүрэгтэй
ч 2021 онд коронавирусний халдварын улмаас олон нийтийн сургалт хийж чадсангүй. Энэ онд халдварын нөхцөл байдал
гайгүй байвал хэрэглэгчид рүү хандсан
сургалтуудыг хийхээр төлөвлөж байна.
Хэрэглэгчид маань бүтээгдэхүүнээ сонгож авахдаа гадна байдал гэмтсэн, хонхойсон, урагдсан, тунадас булингар үүссэн эсэхийг анзаарч, орц найрлага, хадгалалтын хугацааг сайтар шалгаж авдаг байх хэрэгтэй. Хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчид дотоод хяналтаа сайтар мөрдөж, хэрэглэгчдийн хяналтын хуудсыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллах юм бол хүнсний аюулгүй байдал хангагдаж, иргэдэд чанартай үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой юм.
- Хил хаалттай ч жимс ихээр оруулж худалдаалж байна. Чанарын
баталгаа хэр байдаг вэ?
- Хөдөө аж ахуйн
үйлдвэрлэлийг дэмжих жилийн хүрээнд аймгаас мэргэжлийн хяналт болон мал эмнэлгийн
газрыг мах, сүүнд антибиотикийн үлдэгдэл
илрүүлэх, жимс, ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдэд пестицидийн үлдэгдлийг хянах
тоног төхөөрөмжөөр хангасан. 2021 онд жимс, жимсний төрлийн 78 бүтээгдэхүүний
дээжийг шинжлүүлэхэд шаардлага хангасан байна.
- Архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгүүдэд
ямар шаардлага тавьж байна вэ?
- Аймгийн хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй
471 цэг байгаа. Үүнээс үйл ажиллагаа нь бүрэн зогссон 44 цэг бий. Мөн стандартын
шаардлага хангахгүй буюу танхимын талбай хүрэлцэхгүй 51 хүнсний дэлгүүрт
зөрчлөө арилгах шаардлага тавьсан. Манай байгууллага тусгай зөвшөөрөл
олгодоггүй, гэхдээ тусгай зөвшөөрөл олгох комисст санал оруулдаг.
Стандарт хэмжил зүйн төв болон мэргэжлийн хяналтын байгууллагаас
гаргаж байгаа стандартын үнэлгээг 80-иас дээш хувьтай хангаж байгаа цэгүүдэд архи,
согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоё гэсэн саналыг оруулсан
боловч ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэд, бизнес эрхлэгчдийн үйл
ажиллагааг дэмжих үүднээс тусгай зөвшөөрлийг олгосон. Цаашид стандартын
шаардлага хангахгүй байгаа цэгүүдийг цөөлөх бодлого барьж, шударга өрсөлдөөний
зарчмыг хэрэгжүүлэх нь зөв гэж бодож байна.
- Хүнсний үйлдвэр, худалдааны салбарт гарч буй шинэчлэл,
өөрчлөлт бий юу?
- Аймгийн хэмжээнд 510 орчим
хүнсний дэлгүүр, 330 нийтийн хоолны газар, 88 хүнсний үйлдвэр байна. Эдгээр үйл
ажиллагаа эрхлэгчдийг IGOV.MN цахим
системд нэвтрүүлж байгаа. Энэ цахимд
бүртгэгдсэнээр Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжид үзүүлдэг 10 төрлийн үйлчилгээг авах боломжтой юм. Мөн
төрийн 40 орчим үйлчилгээг цахимаар хүргэнэ. Шинээр үйл ажиллагаа эрхэлж байгаа эсвэл үйл ажиллагааны
чиглэл өөрчлөгдсөн иргэд, аж ахуйн нэгжүүд манай газар дээр ирж бүртгүүлээрэй
гэж хэлье.
- Мэдээлэл өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.