Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 23 бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-01-05 16:25:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнгөрөгч онд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт 23 удаа бүртгэгджээ. Үүнээс 15 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорт шилжүүлсэн байна.

Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн ойн сан бүхий Бат-Өлзий суманд үйлдэгддэг аж. Мөн Баруунбаян-Улаан, Хайрхандулаан, Тарагт, Нарийнтээл суманд металл хайгч ашиглан алт олборлосон гэх 70 зөрчил, хууль бусаар ашигт малтмал олборлосон хоёр гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулжээ.

Экологийн асуудал хариуцсан алба хаагчдаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх, бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт 11 удаа зохион байгуулснаар энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг өмнөх оноос 28 хувиар бууруулсан байна. Цаашид хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал олборлох, хориотой ан амьтан агнахад оногдуулдаг шийтгэл, хууль тогтоомжийн талаар иргэдэд сурталчлан ойлгуулах шаардлагатай байгааг аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Батзул хэлэв.

相关新闻