“Рио-2016” олимпийн наадамд 42 тамирчин хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ"Рио-2016" зуны 31 дүгээр олимпийн наадамд Монгол Улсаас 42 тамирчин албан ёсоор хүч, хурд, ур чадвараа сорин өрсөлдөхөөр болов.
Зуны 31 дүгээр олимпийн наадамд оролцох баг тамирчдыг үдэх ёслолын ажиллагаа 7 дугаар сарын 20-ны лхагва гарагийн 11 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах юм. Өнгөрсөн долоо хоногт холын зай /марафон/-н гүйгч Ц.Бямбажав олимпийн наадамд оролцох эрхээ баталгаажуулснаар манай улс олимпийн наадамд түүхэндээ анх удаа 42 тамирчнаа үдэн мордуулахаар болсон байна.
Тодруулбал, Чөлөөт бөхийн төрлөөр 10 /эрэгтэй 6, эмэгтэй 4/ жүдо бөхөөр 13 /Эрэгтэй 7, эмэгтэй 6/, боксын спортоор 6 /эрэгтэй/, байт харваа 1 /эрэгтэй/, буудлага 3 /эмэгтэй/, хөнгөн атлетик 5 /эрэгтэй 3, эмэгтэй 2, таеквондо 1 /эрэгтэй/, хүндийн өргөлт - 1 /эмэгтэй/, усанд сэлэлт - 2 /эрэгтэй 1, эмэгтэй 1/ тамирчин оролцоно.
Эрхээ авсан тамирчдаа танилцуулбал, чөлөөт бөхийн төрлөөр Э.Бэхбаяр /57 кг/, Г.Мандахнаран /65 кг/, П.Өнөрбат /74 кг/, О.Үйтүмэн /86 кг/, Д.Хүдэрбулга /97 кг/, Ж.Чулуунбат /125 кг/, эмэгтэй бөхчүүдээс Э.Сумъяа /53 кг/, П.Орхон /58 кг/, С.Батцэцэг /63 кг/, О.Насанбурмаа /69 кг/, жүдо бөхөөр эрэгтэйчээс Ц.Цогтбаатар /60 кг/, Д.Төмөрхүлэг /66 кг/, Г.Одбаяр /73 кг/, О.Ууганбаатар /81 кг/, Л.Отгонбаатар /90 кг/, Н.Түвшинбаяр /100 кг/, Б.Тэмүүлэн /+100 кг/, эмэгтэй жүдочдоос М.Уранцэцэг /48 кг/, А.Цолмон /52 кг/, Д.Сумъяа /57 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/, Ц.Наранжаргал /70 кг/, П.Лхамдэгд /-78 кг/ нар хүч үзнэ.
Боксчдоос Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Х.Энх-Амар /52 кг/, Э.Цэндбаатар /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Чинзориг /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/, буудлага спортоор О.Гүндэгмаа ,Ц.Мөнхзул /хоёул гар буу/, Г.Нандинзаяа /урт буу/, хөнгөн атлетик /марафон/ Б.Сэр-Од, Д.Гантулга, Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа, Ц.Бямбажав байт харваа ОУХМ Ж.Гантөгс, таеквондо П.Тэмүүжин /58 кг/, хүндийн өргөлт, М.Анхцэцэг /75 кг/, усанд сэлэлт Б.Есүй /эмэгтэй/, Б.Дөлгөөн /эр/ нар оролцох юм.
Энэхүү олимпийн наадмын Рио де Жанейро хотноо паралимпийн наадам үргэлжлэх бөгөөд манай улсаас 8 тамирчин хүчээ сорихоор эрхээ авсан билээ. Ийнхүү Монголын 50 тамирчин Риог зорьж байгаа гэдгээрээ Монгол улсын хувьд олимпийн түүхэндээ дээд амжилтыг тогтоож байгаа юм.
Д.Өлзий