Австралид вакцины нэмэлт тунг тарих хугацааг богиносгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
КАНБЕРРА. /The
Guardian/. Австралид ирэх
нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн “COVID-19”-ийн вакцины хоёр тунд хамрагдсанаас хойш дөрвөн сарын хугацаа өнгөрч буй
18-аас дээш насны иргэд нэмэлт тунг тариулах боломжтой болно.
Тодруулбал,
Засгийн газар одоогоор таван сар байгаа вакцины хоёр болон гурав дахь тун
хоорондын хугацааг нэгдүгээр сарын 4-нөөс дөрвөн сар, нэгдүгээр сарын 31-нээс
гурван сар болгон бууруулахаар болсон байна.
Коронавирусний халдварлах
чадвар өндөр “омикрон” хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд нэмэлт
тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг мужийн тэргүүн сайд нар уриалсны дараа
дээрх шийдвэрийг гаргажээ.
Австралийн
Дархлаажуулалтын техникийн зөвлөх бүлгийн зөвлөснөөр, вакцины нэмэлт тунгийн хамрагдалтыг
нэмэгдүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахиж чадвал өвчлөл, эмнэлэгт
хэвтэн эмчлүүлэгсэд, нас барсан тохиолдлын тоог олноор нэмэгдэхээс урьдчилан
сэргийлэх боломжтой байна.