“Долоогийн бүлэг”-ийн Эрүүл мэндийн сайд нар уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЛОНДОН. /CNN/. “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Эрүүл мэндийн сайд нар коронавирусний “омикрон” хувилбарыг “дэлхийн нийтийн эрүүл мэндэд учирч буй хамгийн том аюул занал” хэмээн тодорхойлжээ.
Талууд халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаад ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлээд, одоогийн нөхцөл байдлыг дэлхий нийтийн эрүүл мэндэд учирч буй хамгийн том аюул занал гэж үзэх хэрэгтэй гэдэгтэй санал нэгдсэнийг сайд нарын мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.
Мөн цар тахалтай тэмцэх, ирээдүйд үүсэж болзошгүй ийм нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд “Долоогийн бүлэг”, “Хорийн бүлэг”-ийн саяхан гаргасан тунхаглалд тусгасан амлалтуудаа ахиулах үүрэг амлалтаа дахин нотолжээ.
Үүнээс гадна талууд “COVAX” хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэмжиж, вакцинжуулалтын явцыг түргэтгэх, вакцин, эмчилгээ, оношилгооны судалгаа шинжилгээний ажлыг түргэвчлэхэд дэмжлэг үзүүлэхээ нотолсныг мэдэгдэлд дурдсан байна.
Их Британийн Эрүүл мэнд яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, сайд нар “омикрон” хувилбарын тохиолдол дэлхий даяар нэмэгдэж байгаад ихэд түгшиж буйгаа илэрхийлсний сацуу шинэ хувилбартай хэрхэн тэмцэх талаар хэлэлцэж, нөхцөл байдлыг хянах чиглэлд нягт хамтын ажиллаж, холбогдох мэдээллүүдийг харилцан солилцох, вакцинжуулалтын түвшнийг нэмэгдүүлэх нь ихээхэн ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэжээ.
Энэ онд “Долоогийн бүлэг”-ийг даргалж буй Их Британи Эрүүл мэндийн сайд нарын сүүлийн уулзалтаа пүрэв гарагт зохион байгуулсан байна.