Сээр цохих тэмцээний хамгийн залуу оролцогч нь 11 настай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-22 14:28:11

Ховд /МОНЦАМЭ/. Монголчуудын уламжлалт тоглоом наадгайн нэг бол Сээр цохих” тэмцээн юм

Ховд аймгийн төв, “Амарсанаагийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн”-д энэ сарын 20-ны өдөр "Сээр цохих" тэмцээн зохион байгуулав. Тэмцээнд Ховд аймаг болон Улаанбаатар хот, зэргэлдээ аймаг, сумаас 30 гаруй залуу оролцсон байна. Үүний хамгийн залуу оролцогч нь 11 настай байлаа гэж албаныхан хэлэв.   

Улс, үндэстэн бүрт өөрийн гэсэн тоглоом наадгай, түүнийг дагасан ёс заншил бий. Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Д.Чулуунбаатар монгол үндэсний тоглоом наадгайг сурталчлах, байнгын хэрэглээг нэмэгдүүлэх, залуучуудыг хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг санаачилжээ.  

Монголчууд өвлийн хүнс (өвлийн идэш)ээ үхэр төхөөрвөл сээрийг нь чанаж, мөлжөөд хуга цохидог уламжлалтай. Зарим нутагт эрчүүд хоорондоо мөрий тавьж, сээрийн яс хуга цохин, эр чадлаа гайхуулах нь бий. Учир нь эр хүний эзэмших 9 дадал чадварт сээр хуга цохих чадвар ордог байсан аж. 

Сээр хуга цохих чадвар нь дайн байлдаанд дайснаа сэлмээр оновчтой цохих дадал болдог, баатар эрсийн болзошгүй тулалдаанд бэлтгэх, бие бялдраа хөгжүүлэх дасгал сургуулийн нэг байв. Сээр хуга цохисон хүнийг ажилд эв дүйтэй, овсгоотой гэж үздэг.  

Монголчууд ах дүүсээрээ цугларан өвлийн үүцээ хийж, үхрийн 12 дахь сээрийг (үхэрт нийт 13 сээр байдаг) хамгийн эхний махтай хамт чанаад махыг нь хувааж идэн, эрчүүд сээрийг хуга цохидог эртний заншилтай. Энэ нь тухайн жилийн өвлийн хүнс болсон үхрийн сүнсийг амирлуулж, хойд төрөлд нь оруулж байгаа гэсэн утгатай нэг төрлийн дом аж. Хэрвээ тэр айлынхан сээрээ хугалж чадахгүй бол “Тэднийд нэг хугардаггүй сээр байна гэнэ” гэсэн дам яриа тухайн нутаг даяар тархдаг. Тэгээд түүнийг хугалах хүсэлтэй хүмүүс сар шинийн баяраар уг айлд зочлохдоо бооцоо тавьж, сээрийг цохин наадам цэнгэл болдог байсан гэж ахмадууд хуучилдаг. 

Орон нутгийн мэргэжлийн байгууллагууд цаашид мөсний шагайн харваа зэрэг уламжлалт тоглоом наадгай, уралдаан тэмцээн өрнүүлж, өв соёлоо сурталчлахаар төлөвлөөд буй.     

相关新闻