Өвлийн олимпын тамирчдын хувцсыг Michel & Amazonka компани урлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-18 15:57:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka компани Токиогийн олимпын наадамд оролцсон Монголын багийн хувцсыг урласан бөгөөд МҮОХ тус компанитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болов.


“Бээжин-2022” өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчдын хувцсыг Michel & Amazonka урлан бүтээхээр болж хамтын ажиллагааны гэрээнд МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Michel & Amazonka компанийн захирал Ч.Мөнхжаргал нар гарын үсэг зурлаа.


Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “МҮОХ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогын хүрээнд танай компанитай хамтран ажиллаж байна. Бидний хамтын ажиллагаа зөвхөн Токио, Бээжингийн олимпоор хязгаарлагдахгүй. Манай тамирчдыг цаашид олон олон наадмууд хүлээж байгаа. Энэ бүхэнд бид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилаа.


Харин Michel & Amazonka компанийн захирал Ч.Мөнхжаргал “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа танай байгууллагад талархлаа илэрхийлье. Тамирчид бидний урласан хувцсыг өмсөн олимпын наадамд оролцоод амжилт гаргасанд маш их урам орсон. Бид энэ удаад ч хичээн ажиллах болно” гэлээ.



相关新闻