Төрөөс 2022 онд баримтлах мөнгөний бодлогыг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-18 11:21:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг батлав.


Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцууллаа. Тэрээр танилцуулгадаа, “Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжсэн санал тус бүрийг төсөлд нэмж тусгасныг Байнгын хороо дэмжсэн байна. Тухайлбал, тогтоолын төслийн 2.1 дэх заалтыг “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, бизнесийн орчин болон эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах замаар экспортыг дэмжсэн, нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулж, уг төлөвлөгөөг эдийн засгийн сэргэлт болон өсөлтийн хүртээмжийг дэмжихэд чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх” гэж өөрчлөн найруулсныг төсөлд нэмж тусгалаа. Мөн төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд туссан инфляцын зорилтот түвшнийг хангах хүрээнд төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж цар тахлаас үүдэлтэй бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдлыг арилгаж, хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт, инфляцын зорилтыг хангах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээг макро эдийн засгийн тогтвортой байдал, гадаад дотоод тэнцвэрийг алдагдуулахгүйгээр дэмжин ажиллахыг Монголбанканд тус тус даалгасныг тогтоолын төслийн 3, 4 дүгээр заалтууд болгон нэмж тусгалаа. Түүнчлэн, тогтоолын төсөлд зарим үг, үсгийн болон найруулгын шинжтэй засваруудыг хийсэн болно” гэлээ.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж, М.Оюунчимэг нар асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, тогтоолын төсөлд 2022 онд инфляц 6.5 хувь байхаар төсөөлсөн нь боломтой эсэхийг тодрууллаа. Учир нь өнөөдрийн байдлаар инфляц 12-13 хувьд хүрсэн байгааг хэлэв. Мөн тэрээр 2022 онд хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баталсныг тэмдэглээд, үүнд ханшийн нөлөө хэрхэн гарахыг лавлав. Түүнчлэн 2022 онд хувийн хэвшлийг дэмжих бага хүүтэй зээлийн бодлого хэрхэн үргэлжлэх талаар асуулаа. 


Гишүүний асуултад Байнгын хорооны дарга С.Чинзориг хариулахдаа, “Байнгын хороо тогтоолын төсөлд инфляцыг 6+-2 хувьд барихаар оруулж ирснийг дэмжиж байгаа. Эхний хоёрдугаар улирлын байдлаар инфляц 9.6 хувьд хүрсэн статистик мэдээ байна. Тиймээс дээрх хувьд инфляцыг барих хүндрэлтэй.  Тиймээс тогтоолын төсөлд хоёр заалт тусгасан. Тодруулбал, мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдуулах шаардлагатай гэсэн заалт бий. Мөн цар тахлаас үүдэлтэй бараа бүтээгдэхүүний хомсдолыг арилгах, нийлүүлэлт, хангамжийг сайжруулж, үнийн өсөлт гаргахгүй байхыг Засгийн газарт даалгасан заалт оруулж байгаа” хэмээлээ. 

Хувийн хэвшлийг дэмжихтэй холбоотой заалтад, ажлын багаас 10 их наядын хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Иймд хөрөнгө оруулалтын чиглэлээр зээл олгох, нөгөө талаас арилжааны банкууд зээлийн нөхцөлөө сулруулах, зээл олголтын шимтгэлгүй болох зэрэг заалтыг нэмж тусгаж байгааг дуулгав.


Ийнхүү хэлэлцээд санал хураахад, хуралдаанд оролцсон 52 гишүүний 28 нь буюу 53.8 хувийн саналаар тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.


Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. “Хаан” банкны хувьцаа эзэмшилттэй холбоотой асуудлаар Монголбанк тэргүүтэй холбогдох байгууллагууд хууль тогтоомжийг чанд баримтлан, ажиллаж,  гишүүдэд мэдээ, мэдээллийг хүргүүлэхийг үүрэг болголоо. Банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор системийн томоохон банкуудын үйл ажиллагааны талаарх тодорхойгүй мэдээлэл гарч буйд хяналт тавьж, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар шалгуулж, асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэлээ. Нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцааг эзэмших нь хуулиар хориглосон үйлдэл, хувьцаа эзэмшлийн төвлөрлийг 20 хувиас илүүгүй байхаар  заасан. Үүнд Төв банк хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй. Банкууд холбогдох мэдээллээ үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд эл үүргээ биелүүлээгүй тохиолдолд хууль тогтоомжийн дагуу банкны хувьцаа эзэмшлийг хүчингүй болгож, ногдол ашиг хуваарилахгүй байх, саналын эрхгүй байх зохицуулалтуудтайг мөн санууллаа. Банкны тухай болон бусад хууль тогтоомжийг чанд мөрдөж ажиллаагүй бол, хууль зөрчиж, ашиг сонирхолын зөрчил үүсгэсэн бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцоох болно хэмээн УИХ-ын дарга санууллаа.


Хоёрдугаарт нь, ОУВС-ийн заавар, зөвлөмжийн дагуу манай Төв банк нь Засгийн газраас хараат бус байх, хууль тогтоомжууд нь англи-саксоны загвараар батлагдан, хэрэгжиж байгаа юм. Монголбанкны нэг тэргүүн зорилго бол төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, харин ханшийг тогтвортой байлгах арга нь үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжих юм. Үйлдвэрлэгч улсын л мөнгө тэмдэгтийн ханш тогтвортой байдаг. Тиймээс үндэсний үйлдвэрлэлийг, экспортыг дэмжих шаардлагатай, энэ бол Японы хөгжлийн загвар юм. Төв банк, дамжуулагч буюу гол үйлчлэгч банкууд, Эксим банк, Хөгжлийн банкууд хамтарч үндэсний үйлдвэрлэл, экспортоо дэмжиж байж улс орноо хөгжүүлдэг, үндэсний мөнгөн тэмдэгтээ тогтвортой барьж байдаг бодлого бий. Энэ загвар руу аажмаар шилжилт хийж, Эдийн засаг, хөгжлийн яамыг шинээр байгууллаа. Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам нь гадаад худалдаагаа төлөвлөөд, тээвэр ложистик, инфляцыг урьчилж тооцож, энэ дагуу Эксим банкаараа дамжуулан санхүүжүүлж, экспортыг нэг бодлогоор, импортыг нэгдсэн зарчмаар зохицуулж байж үнэ, инфляц, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш, төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг хангадаг. Бодлогын ийм өөрчлөлтийг хийж байж, улс орон хөгжинө. Ийм учраас Монголбанк Эдийн засаг, хөгжлийн яамтай уялдаа холбоогоо сайжруулсан шинэ институц, зарчмыг бий болгох хэрэгтэй. Тиймээс бодлогын шилжилт хийх, шаардлагатай бол хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах, экспортоо дэмжих, инновац, шинэ, дэвшилтэт технологи, ногоон санхүүжилтийг дэмжих зэргээр олон улс, хөрш орнуудын жишигт нийцүүлэн ажиллах шаардлага бий гэдгийг хэлж, Засгийн газар, Сангийн яам, Монголбанкны бодлогууд харилцан уялдаатай байж, дээрх асуудлуудыг анхаарч ажиллахыг чиглэл болгосон юм.

相关新闻