“Тамхигүй ажлын байр” болох амлалт өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, "Эрүүл хот сүлжээг чадавхжуулах" ТББ хамтран хэрэгжүүлж буй “Тамхидалтын эсрэг хувьсгал-II" мэдээлэл, сурталчилгааны ажлыг Говь-Алтай аймагт өрнүүлж байна.
Энэхүү ажлыг аймгийн ЗДТГ, Есөнбулаг сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар хамтран 11 дүгээр сарын 17-нд Алтай хотод үйл ажиллагаагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлагуудад сургалт зохион байгуулав. Уг сургалтад албан байгууллага, аж ахуйн нэгжүүд идэвх санаачилгатай нэгдэж, 35 байгууллагын дарга нар Алтай хотын захирагчтай “Тамхигүй ажлын байр” болох амлалт өгөх санамж бичигт гарын үсэг зурж батламжилсан юм.
Үйл ажиллагааны үеэр Нийгмийн эрүүл мэндийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэг аяны талаар болон тамхины хор уршиг, тамхины хэрэглээний өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө хэмээн холбогдох албанаас мэдээлэв.