Төрийн албаны ерөнхий шалгалтад 39 хүн тэнцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-11-17 10:25:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулсан төрийн албаны ерөнхий шалгалтад Дундговь аймгийн хэмжээнд 153 хүн бүртгүүлснээс 132 хүн шалгалт өгч, 39 нь тэнцжээ.

Нийт шалгуулагчийн 29.5 хувь нь тэнцэж, ийнхүү төрийн жинхэнэ албаны нөөцөд орох боломжтой болсон байна.

Шалгалтыг 9 ээлжээр зохион байгуулж, Төрийн албаны зөвлөлөөс цахимаар хянаж байсан ба аймгийн Төрийн албаны зөвлөлөөс ЗДТГ-ын хүлээлгийн танхимд шалгалтын явцыг үзүүлж, иргэдэд хяналт тавих боломжийг бүрдүүлжээ.

Энэ удаагийн шалгалтын онцлог, шалгалтад орж байгаа иргэдийн хувьд юуг анхаарах талаар Төрийн албаны зөвлөлийн аймгийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Хулангаас тодруулахад: “Иргэдийн хувьд шалгалтдаа зорьж бэлтгэх шаардлагатай. Шалгалт болохыг сарын өмнөөс л зарласан, шалгалтад бэлтгэх ном, гарын авлага, аппликейшн бүгд байгаа. Иргэд яг сэтгэл гаргаж бэлтгэхгүй байгаа учраас тэнцсэн иргэдийн эзлэх хувь тун бага байна.

Энэ жилийн шалгалтын тухайд шалгалт өгсөн иргэдийн дийлэнх нь залуучууд байсан. Манай аймгийн хэмжээнд төрийн жинхэнэ албанд 130 гаруй сул орон тоо байгаа. Шалгалтад тэнцсэн иргэдийн хувьд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгүүлээд, сул орон тооны ажлын байрны шаардлагыг хангаж байвал дараа нь төрийн жинхэнэ албан хаагчийн тусгай шалгалт өгнө” гэлээ.  

相关新闻