УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг гурваас дээш тасалбал олон нийтээс уучлалт гуйна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-11-16 14:20:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос намрын ээлжит чуулганы аравдугаар сарын ирцийн мэдээллийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.


Өнгөрсөн сард УИХ-ын чуулган 10 удаа хуралдсан байна. Энэ хугацаанд УИХ-ын 19 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаан тасалсан байна. Харин 57 гишүүн хуралдаан огт таслаагүй бөгөөд үүнээс 30 нь тодорхой хугацаагаар хоцорч байсан гэдгийг байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлсэн юм.


Намрын чуулганы хугацаанд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гурав, С.Амарсайхан, Х.Нямбаатар, Ц.Сэргэлэн, Н.Энхболд нар хоёр, Х.Ганхуяг, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, С.Батболд, Б.Жавхлан, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Н.Учрал, О.Цогтгэрл, Б.Чойжилсүрэн, Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам нар нэг удаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг тасалсан гэдгийг тэрбээр танилцуулав.


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын баг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа аж. Дүрмийн төсөлд УИХ-ын гишүүний ёс зүй, сахилгын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулахаар тусгаж, УИХ-д өргөн бариад буй юм. Түүнчлэн уг дүрэмд УИХ-ын гишүүн чуулганы болон байнгын хороо, дэд хорооны хурлын гурав ба түүнээс дээш тасалсан, хоцорсон хугацаа нь ажлын 3 өдрийн цагаас дээш бол Ес зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хурлаар хэлэлцэж хатуу сануулах, олон нийтээс уучлалт гуйлгах зохицуулалт тусгасныг байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэв.

相关新闻