Хөлбөмбөгийг сонирхогч, дэмжигчид Ази тивд эрс олширчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АХБХ-ны Мэдээлэл харилцааны хорооны 3 дахь удаагийн хурал лхагва гарагт /2021.11.10/ цахимаар болсон бөгөөд хурлыг тус хорооны дарга МХБХ-ны Ерөнхийлөгч, АХБХ-ны Дэд ерөнхийлөгч А.Ганбаатар удирдан явуулжээ.
Тус хорооны өмнөх хурлаас дэлхий дахинд үүсээд буй цар тахлын нөхцөл байдлын улмаас АХБХ-ны мэдээлэл, харилцаа, сурталчилгааг нийгмийн сүлжээний олон талбарыг ашиглан эрчимжүүлэх шийдвэр гарсан бөгөөд хурлаар уг ажлыг дүгнэн хэлэлцжээ. Мэдээлэл харилцааны 2016 оны үйл ажиллагааг 2021 оны 9 дүгээр сарын үр дүнтэй харьцуулахад хөлбөмбөгийн үзэгчид, дэмжигчдийн тоо маш эрчимтэй нэмэгдэж байгаа нь ажиглагджээ.
Тухайлбал, дээр дурдсан хугацаанд АХБХ-ны Facebook дагагчид 235 хувь, Twitter дагагчид 282 хувь, LinkedN сувгийн дагагчид 350 хувь, Youtube сувгийн дагагчид 1128 хувь, Instagram дагагчид 4710 хувиар тус тус нэмэгджээ. Ялангуяа вэб хуудсыг шинэчлэн хийж мандарин хэл дээр мэдээлэл оруулдаг болсноор Хятадын Weibo сүлжээний дагагчид ганцхан жилийн дотор 450 мянга гаруй тоогоор буюу эрс өссөн байна.
МХБХ-ны Зөвлөлийн ээлжит
удаагийн хурал 2021 оны 11-р сарын 9-нд болсон бөгөөд тус хурлаар Маркетингийн
хэлтсийн дарга Э.Амарсайхан мэргэжлийн хөлбөмбөгийн туслах контент бэлтгэх,
мэдээ мэдээллийг алдалгүй хүргэх "MFF Studio"-г байгуулах талаар
зөвлөлд танилцуулсан юм. Зөвлөлийн хурлаар түүний саналыг дэмжиж МХБХ-ны
мэдээлэл сурталчилгааны үйл ажиллагааг идэвхжүүлэн шинэлэг сувгууд, шинэ арга
барилаар ажиллахаар шийдвэрлэсэн нь цаг хугацаагаа олсон шийдвэр байсныг тус
хурал баталсан байна.
“МХБХ-ны маркетингийн хэлтсээс мэдээлэл, сурталчилгааны олон хэлбэрийг мөн үр дүнтэй ашиглаж байгаа гэдгээ үзэгч, фэнүүддээ дахин танилцуулахдаа таатай байна. Та бүхэн манай нийгмийн сүлжээний доорх хаягуудыг найз нөхөддөө түгээн танилцуулж, Монгол Улсад хөл бөмбөгийн спортын хөгжлийн сурталчлахад хамтран ажиллаарай” гэж МХБХ-ноос онцоллоо.