Эрдэнэтийнхэн оюуны экспорт хийх боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Дэлхийн чанарын өдрийг
тохиолдуулан Орхон аймгийн ИТХ-ын санаачилгаар “Дэлхийн
стандарт Монголд” чанарын форум боллоо. Форумд “Баталгаажуулалт Монголын чанарын менежментийн холбоо”-ны
ерөнхийлөгч Г.Билгүүн Эрдэнэт хотод чанарын дэд бүтцийг хөгжүүлэх гарц,
шаардлагын талаар илтгэл тавьсан юм.
Тэрээр илтгэлдээ, “Монголын төрийн чанарын бүтцийг 100 гаруй жилийн түүхтэй харьцангуй
сайн хөгжсөн ч хувийн хэвшлийн чанарын
бүтэц бараг байхгүй. Тиймээс хөндлөнгийн хараат бус тохирол үнэлгээ, баталгаажуулалт,
зөвлөх үйлчилгээ, сургалтын байгууллага, чанарын холбоодыг хөгжүүлэх хэрэгтэй.
“Чанарын дэд бүтэц” гэж стандартчилал, хэмжил зүй, хяналт, сорилт, баталгаажуулалт, итгэмжлэлийн байгууллагуудын нэгдмэл зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааг хэлнэ. Улаанбаатар хотод гадны зөвлөхүүд, сургагч
багш, аудиторуудын шаардлагагүй болсон.
Өөрөөр хэлбэл, чанарын дэд бүтэц
Улаанбаатар хотод сайн хөгжиж байгаа. Харин Эрдэнэт хотод үүнийг хөгжүүлэхийн
тулд сайн боловсон хүчин бэлтгэх эсвэл тэдэнтэй хамтран чанарын дэд бүтцийг бүрдүүлэх хэрэгтэй” хэмээн
онцолсон юм.
Мөн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт, Монгол Улсын “Алсын хараа 2050” төслүүд нь бүгдээрээ сайн засаглал, ухаалаг засаглал руу л тэмүүлж байгаа. Тэгвэл сайн засаглалтай, “Ухаалаг Эрдэнэт” болохын тулд чанарын дэд бүтцийн суурийг
бэхжүүлж, олон улсад хүлээн
зөвшөөрөгдсөн, баталгаажсан, итгэмжлэгдсэн аудитор, зөвлөх, сургагч багшийг бэлдэх хэрэгтэй гэсэн юм.
Өнөөдөр зөвхөн зэс, молибден
экспортлох бус Зөвлөх аудитортой болж оюуны экспорт хийх цаг нь болсон. Эрдэнэтийнхэн орос хэл сайтай, үүнийгээ ашиглан Буриад
улсыг мөн зах зээлээ болгож болно гэсэн олон зөвлөгөө, мэдээллийг өгч байлаа.