Уул уурхайн 20 ААН 169 сая мод тарихаа амлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-11-09 13:31:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Ойн салбарын Үндэсний чуулган 2 дахь өдрөө “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт” сэдэвт салбар хуралдаанаар үргэлжилж байна.

Өчигдөр “Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвээр хуралдсан юм. Уг салбар хуралдааны үеэр ойн салбарын мэргэжлийн холбоод, ТББ-ууд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгож ойн салбарыг хөгжүүлэх, “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргав. Энэ хүрээнд “Монголын ой модны мэргэжлийн холбоодын нэгдэл” байгуулж, хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 18 ТББ нэгдлээ.




Үндэсний чуулганы гол хэлэлцэх сэдэв бол улс орон даяар өрнөөд буй “Нэг тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн юм. Тодруулбал, Үндэсний чуулган болон 4 өдрийн салбар хуралдаанаар “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ямар бүтэц, зохион байгуулалт болон санхүүжилттэйгээр хийх талын үндсэн дүр зураг тодорхой хэмжээнд гарна гэдгийг чуулганыг зохион байгуулагч БОАЖЯ-наас мэдэгдэж байна.


Ойн мэргэжлийн холбоод нэгдэв


Чуулганы салбар хуралдаануудаас гарах бүх чиглэлийн эрдэмтэн судлаач, ойчид, мэргэжлийн болон ТББ-уудын санал, шийдэл, зөвлөмжийг энэ сарын 15-нд Төрийн ордонд болох Ойн салбарын Үндэсний чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна. Энэ нь цаашид ойн талаар болон “Нэг тэрбум мод” хөдөлгөөнөөр барьж хэрэгжүүлэх боддогын үндсэн суурь бичиг баримт болно гэж үзэж буйгаа БОАЖ-ын сайд Н.Уртнасан илэрхийллээ.




Мод үржүүлгийн газруудыг бүсчлэн хөгжүүлнэ


Тэрээр, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн ААН-үүд “Нэг тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнд идэвхитэй оролцож ямар хариуцлага үүрэх талаар байр сууриа илэрхийлснийг салбарын сайд уламжлав. Энд 20 гаруй ААН нэгдэж, 189 сая мод тарьж ургуулах хүсэлтээ илэрхийлж, амлалт өгчээ. Тиймээс энэ талаар ирэх сарын 12-нд нийгмийн хариуцлагын хүрээнд томоохон ААН-үүдийг оролцуулсан батламж гардуулах үйл ажиллагааг зохион байгуулах талаар БОАЖ-ын сайд дуулгалаа.


Ойн сан бүхий нутаг дэвсгэрийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх, “Нэг тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд хувийн хэвшлийг хэрхэн дэмжиж ажиллах талаар тэрээр хэлэхдээ, “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 9.2 сая ширхэг тарьц, суулгацын нөөц байгаа. 2030 он хүртэл бид тарьц суулгацын хэмжээг одоогийн байгаагаас 9-10 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгаа”-г тодотгов. Энэ ажлыг төр, засаг дангаар авч явахгүй, хувийн хэвшлийн оролцоо, мод үржүүлгийн аж ахуй, газруудын үйл ажиллагааны нэгдсэн бодлого, зөв дэмжлэг бүхий ажил чухал байгааг онцлов. Ингэхдээ мод үржүүлгийн газруудыг бүсчилэн хөгжүүлнэ гэв. Тухайлбал, 10 сая модыг жилд тарьж үржүүлэх ААН-ийг байгуулахад гарах зардал, талбайн тооцоог гаргаж байна. Цаашлаад мод үржүүлгийн газруудыг арилжааны банкуудтай хамтарч зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргах талаар банкуудтай ярилцаж, харилцан ойлголцож, ААН-үүдээ дэмжин ажиллах шаардлага байгаа. Энэ тал дээр санаачилга гарган идэвхтэй ажиллахаа салбарын сайд илэрхийлэв.


Ойжуулалтыг жинхэнэ бодитой хийж буй ААН-үүдийг дэмжих үүднээс

төсөл, хөтөлбөрийг нэмэгдүүлнэ


Тэрээр цааш нь хэлэхдээ, “Байгаль орчны салбарт өнөөдрийн байдлаар 20 гаруй төсөл 130 сая орчим ам.долларын санхүүжилттэй хэрэгжиж байна. Төслүүдийн санхүүжилтийг бодитой, үр дүнтэй болгон хэрэгжүүлэх дээр анхаарч ажиллана” гэв. Тодруулбал, үр дүнгүй олон сургалт, ном хэвлэл, товхимол тараадаг, их зардалтай томилолтуудын үргүй байдлыг багасгаж, ойжуулах ажлыг жинхэнэ бодитой хийж цөлжилтийг бууруулж буй ААН-үүдийг дэмжих үүднээс төсөл, хөтөлбөрийг нэмэгдүүлнэ гэв. Энэ талаар өчигдөр болсон салбар хуралдаанаар “Олон улсын хамтын ажиллагаа” сэдвээр хувийн хэвшлийг төсөл хөтөлбөрийн замаар дэмжих талаар хөндлөө.




Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь цөлжилтөд өртөөд байна. Үүний 23 хувь нь нэн хүчтэй цөлжилтөд өртжээ. Цөлжилтийг бууруулж, ойн сан бүхий газар нутгийн хэмжээг тэлэх талаар ой, ус зэрэг бүх салбарын олон талын  санал, оролцоог хангасан нэгдсэн бодлого баримталж, салбар дундын уялдаа холбоог хангах зохицуулалтыг хийхээ БОАЖЯ-наас мэдэгдлээ. Тодруулга: Манай улс нийт 18.5 сая га ойн сантай. Энэ нь нийт нутгийн 10 орчим хувийг эзэлж байна.

Гэрэл зургуудыг Т.Чимгээ

 

 

相关新闻