Нийгмийн даатгалын хэлтэс “Роботын процесс автоматжуулалт”-ыг анх удаа нэвтрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-11-09 13:13:46
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбатын санаачилгаар Дэлхийн стандарт Монголд форум, сургалт болж байна. Форумд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга  Б.Анар олон улсын чанарын  стандартыг байгууллагадаа хэрхэн хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцсан юм. Тэрээр чанарын стандарт нь олон улсын хэмжээнд ямар зорилтын хүрээнд хэрэгжиж байгааг жишээ дурдахдаа,

  • Дани улс хүлэмжийн хийн хуримтлалыг тэг болгох,
  • Швед улс ямар ч осол, авааргүй улс болох,
  • Арабын нэгдсэн Эмират улс  иргэдийнхээ аз жаргалын индексийг нэмэгдүүлэх,
  • Солонгос улс төр, хувийн хэвшил, иргэн гурвын хоорондын харилцаанд тулгуурласан дижитал хотыг бий болгоно гэсэн зорилтуудыг дэвшүүлсэн байдаг.

Энэ олон зорилтод хүрэх суурь нь чанар, олон улсын стандарт байдаг. Тухайн улсуудын олон улсын зөвлөхүүд нь стандарт гэдэг зүйлийг ажил бүрийнхээ эхэнд ярьж, мөрдөж ажилладаг юм гэв.

Тиймээс Монголд төрийн байгууллагууд хуулиа өөрчилж чадахгүй учраас олгогдсон эрхээрээ төрийн байгууллагын процессоо дахин өөрчлөх бүрэн боломжтойг олж харсан байна. Үүнийгээ Нийгмийн даатгалын хэлтэстээ хэрэгжүүлж Процессийн дахин шинэчлэл хийж олон улсын стандартуудыг шат дараатай нэвтрүүлж эхэлжээ.

Монгол Улсын хэмжээнд төрийн албанд анх удаа RPA буюу Роботын процесс автоматжуулалтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Энэ нь мэдлэг ур чадвар шаардагдахгүй, цаг их зарцуулдаг механик ажлыг автоматжуулснаар төрийн албан хаагчдад илүү үнэ цэнэтэй ажилд төвлөрөх боломж олгож байгууллагын бүтээмж гүйцэтгэлийг нэмэгдүүлдэг байна.

Процессоо зөв болгоод, стандартуудаа мөрдөөд ажиллавал хамгийн бага эрсдэлтэй байх болно. Мөн өнөөгийн нийгэмд төрийн байгууллагыг үзэх иргэдийн үнэлэмжийг өөрчилж чадах болно гэв.

Төрийн байгууллагуудын дахин шинэчлэлийг хийж стандартуудыг нэвтрүүлснээр байгууллагад харах хамгийн эхний өөрчлөлт бол дотоод зохион байгуулалт тодорхой болно. Иргэдийн төрийн үйлчилгээ авах шат дамжлага эрс буурна. Зарцуулах цаг хугацааг хэд дахин багасгах боломжтой байдаг. Хамгийн гол нь иргэдийн сэтгэл ханамжийн түвшин өссөн үзүүлэлттэй байдаг бодит жишээг дурдсан юм.

Эндээс чанарын болон бусад стандартыг мөрдөж ажиллах нь ямар чухал вэ гэдгийг харж болох юм.

 

相关新闻