Ө.Батцэцэг Азийн Элит шүүгч болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-09 07:00:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны эмэгтэй шүүгчдээс анх удаа Олон улсын шүүгчийн зэрэгт хүрсэн Өнөржаргалын Батцэцэг Азийн Хөл Бөмбөгийн Холбооны Элит шүүгч боллоо.


МХБХ-ны шүүгчээр 2016 оноос ажилласан Завхан нутгийн охин Ө.Батцэцэг тивийн шүүгчдийн шалгалтад тэнцэж Монгол Улсаас АХБХ-нд данстай 5 дахь элит шүүгч болж байгаа юм. Тэрбээр Азийн элит зэрэглэлтэй болсон анхны эмэгтэй шүүгч болсон гэдгээрээ онцлогтой.


МХБХ-ны шүүгчийн хэлтсээс шүүгчдэд бие бялдар, онолын өндөр шалгуур тавьж үндэсний дээд лигт ажиллуулдаг. Улсынхаа хамгийн дээд зэрэглэлийн тэмцээнд өөрийгөө батлан харуулж АХБХ-ны элит зэрэглэлийн шүүгчдийн өндөр шалгуурыг давснаар Азийн эмэгтэй элит шүүгчдийн эгнээнд Монголоос Ө.Батцэцэг ийнхүү багтлаа.


АХБХ-ны Элит туслах шүүгч болсон Ө.Батцэцэгдээ удахгүй олон улсын тэмцээн дээр ажиллах томилгоо авч, амжилттай шүүн явуулахыг МХБХ-ноос хүслээ.


相关新闻