ЕСБХБ болон Европын холбоо хамтран “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төсөл хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Европын Сэргээн босголт хөгжлийн банк болон Европын холбоо хамтран Орхон
аймагт хэрэгжүүлж буй “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төслийн хэрэгжилтийн талаар цахим уулзалт зохион байгууллаа.
Нийт 14 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих уг төслийн хүрээнд “Усан хангамжийг сайжруулах” “Үерийн эрсдэлийн менежмент буюу үерийн далан байгуулах” ажлыг хийнэ.
Төслийн санхүүжилтийн 7 сая ам.доллар нь ЕСБХБ-ны зээлээр, үлдсэн 7 сая ам.доллар нь Европын холбооны буцалтгүй тусламж юм.
“Усан хангамжийг сайжруулах” төсөл нь Орхон аймагт инженерийн шугам сүлжээний шинэчлэлт хийх, гэр хорооллын ус түгээх байруудыг хотын төвийн болон гэр хорооллын усны сүлжээнд холбож, усны алдагдлыг бууруулах, усан хангамжийг сайжруулах гол зорилготой. Уг төсөлд 3 сая долларыг зарцуулах аж.
Харин “Үерийн эрсдэлийн менежмент” төслийн хүрээнд үерийн далан шуудуу байгуулах бөгөөд борооны усыг тогтоож хадгалах талбай, бетон доторлогоотой болон байгалийн суваг үүсгэх, ус зайлуулах хоолой байгуулах гэнэ.
Төслийг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний баг шалгарсан бөгөөд ажлын судалгааг нарийвчлан гаргаж ТЭЗҮ-ийн дагуу зураг төсвөө боловсруулан ажиллах юм.